Япон, Их Британи хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээнэ
2022-05-17

Япон, Их Британи улс шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээхэд хамтран ажиллах албан ёсны гэрээ хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулна гэж Японы NHK телевиз мэдээлжээ. 

 

Төслийг Mitsubishi Heavy Industries гүйцэтгэх бөгөөд шинэ үеийн сөнөөгч онгоц нь Японы Агаарын цэргийн хүчний F-2 онгоцыг орлох юм байна. Японы компани төслийн хүрээнд Британийн BAE Systems цэргийн үйлдвэрлэлийн компанитай хамтран ажиллахын зэрэгцээ Японы  инженерүүд Америкийн Lockheed Martin компаниас техникийн тусламж дэмжлэг авах гэнэ. 

 

Ийнхүү хоёр улс хамтран боловсруулсан шинэ үеийн сөнөөгч онгоцыг 2035 он гэхэд ашиглаж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ үед F-2 онгоцуудыг ашиглалтаас гаргах юм байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Их Британийн тал хэдийнэ 30 сая фунтийн хөрөнгө оруулалт хийж, мөнгийг төлөвлөлт, тоон болон инновацийн боловсруулалтад зарцуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин