Funny&Family: Манай гэр бүл хаана ч хамтдаа гэсэн зарчимтай
2022-05-18

 

Лхагва гарагийн мэнд.“Funny&Family” пэйж хуудсаараа дамжуулан хөгжилтэй, эерэг бичлэг хийн түгээдэг О.Одбаатарын гэр бүл хэдийнэ бидний танил болжээ. БНСУ-д  ажиллаж амьдардаг олон гэр бүлийн төлөөлөл болсон О.Одбаатартай цахимаар холбогдож ярилцлаа.

 

Хоёр улсын цагийн зөрүү, ажлын нөхцөл байдлаас шалтгаалан оройн 19.00 цагт ярилцахаар товлосон бөгөөд бидний ярилцлага 1.30 минут үргэлжлэв. О.Одбаатар Дорнод аймгийн уугуул иргэн бөгөөд БНСУ-д гэр бүлийн хамт оршин суугаад долоон жилийн хугацаа өнгөрчээ. Тэрбээр, урлагийн гэр бүлийн гишүүн бөгөөд гэргийтэйгээ Дорнодын театрт хамт ажиллаж танилцсан гэнэ. Урлагийн сургуульд сурч төгсөөд Дорнодын театртаа 10 жил тасралтгүй ажиллажээ.

 

Сайн байна уу? Сайхан зусаж байна уу, Танай гэр бүл  хэзээ, яагаад  БНСУ-ыг зорих болов гэдгээс ярилцлагаа эхлүүлэх үү?

 

-Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бид 2015 онд эх орноосоо гарсан. Түүнээс хойш гэр бүлээрээ БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Тухайн үед эх орондоо ажиллаж амьдраад болоод л байгаа юм шиг санагдсан. Гэхдээ  гэргийтэйгээ ярилцаж байгаад шинэ орчин нөхцөлд ажиллаж, амьдарч, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх зорилго тавьсан. Ингээд БНСУ-ыг судалж, сонгосон. Улмаар сурах виз мэдүүлж, виз маань ч гарсан. Гэргийтэйгээ энд/БНСУ/ ирснээс хойш нэг сарын дараа хүүхдүүдээ авч ирээд хамт амьдаръя гэж шийдээд буцаад Монгол руу явсан.

 

Монголд очоод том хүүгийнхээ визийг мэдүүлсэн. Хүүгийн маань виз асуудалгүй 14 хоногийн хугацаанд гарсан. Ингээд том хүүтэйгээ хамт БНСУ-д ирсэн. Дараа нь хоёр бага хүүхдээ авахаар эмээтэй нь хамт виз мэдүүлсэн. Гэтэл виз нь гараагүй. Би чинь “хүүхдүүдийн виз гарсангүй” гэж уйлаад л тэрүүхэндээ хямарлаа. /инээв/ Ер нь манай гэр бүл хаана ч байсан хамтдаа гэдэг зарчимтай. Тиймээс хоёр хүүхдийн маань виз гараагүй учраас Монгол руугаа буцъя гэж бодсон. Гэтэл гурван сарын дараа дахиад виз өгч болно гэдэг юм байна. Ингээд гэр бүлээрээ ярилцаж байгаад гурван сараа дараа дахин виз  мэдүүлэхээр боллоо. Хэрэв гурван сарын дараа хүүхдүүдийн маань виз гарахгүй бол шууд нутаг буцахаар тохиров. Гурван сарын дараа виз мэдүүллээ. Визний хариу гарах өдөр сандраад л, хариуг нь сонсож чаддаггүй ээ. Гэхдээ азаар хүүхдүүдийн маань виз гарсан. Ийм л олон адал явдлын дараа манай гэр бүл БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байна.

 

Та хоёул сурах виз мэдүүлсэн гэлээ. Тухайн үед Солонгос хэлний мэдлэг ямар түвшинд байв?

 

-Миний хайр чинь гадаад хэл сурахдаа авьяастай. Ер нь бүх л зүйлд маш авьяастай. Миний гэргийд дутуу зүйл гэж байхгүй. Гэргийнхээ буянаар л БНСУ-д хөлөө олох гээд явж байна. Гадны улс орнууд руу сурч, ажиллаж, амьдрахаар төлөвлөж буй хүмүүстээ “монголдоо хэлээ сураад ирээрэй” гэж зөвлөе.

 

 

Хүний нутагт гэр бүлээрээ амьдрахын тулд ажиллах хэрэгтэй. БНСУ-д ажиллах нөхцөлийн хувьд ямар байдаг вэ?

 

-Би угсралтын чиглэлээр ажилладаг. БНСУ-д ирээд анх хийж эхэлсэн ажлаа одоог хүртэл хийж байна. Маш олон төрлийн ажил бий. Гэхдээ миний хувьд нэг ажлыг тогтвор суурьшилтай, удаан хугацаанд хийхийг эрмэлздэг.

 

Ер нь БНСУ-д ажиллаж амьдрахад зардал ямар байдаг вэ?

 

-Мэдээж гэр бүлээрээ амьдарч байгаа учраас зардал ихтэй. Гэхдээ л тав арван цаас цааш нь хийх боломжтой байдаг. БНСУ их өгөөжтэй.  Маш тайван амьдарч байна.

 

 

Манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж байна. БНСУ-д үнийн өсөлт ямар байна вэ?

 

-Эдийн засаг хямарсан. Аж ахуй нэгжүүд дампуурсан гэсэн мэдээлэл байсан.  Нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ манай улс шиг хэд дахин нэмэгдэхгүй. Мөн улирлын чанартай бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөнө.

 

Танай гэр бүлийн хөгжилтэй бичлэгийг олон хүн үзэх дуртай. Гэр бүлийн бичлэгээ цахим орчинд нийтлэх санаа хэнийх байсан бэ?

 

-Манай гэр бүлийнхэн дуулах дуртай. Би өөрөө Дорнод аймагт байхдаа хамтлагтай байсан. Тухайн үедээ Дорнод аймагтаа л од хамтлаг байлаа шүү дээ./инээв/ Тиймээс чөлөөт цагаараа гэр бүлээрээ дуулж бүжиглэж, утсан дээрээ бичлэг хийж дурсамжаа хадгалдаг. Манай гэр бүлийн гишүүдийн дундын групп бий. Түүн дээрээ хөгжилтэй бичлэг, дурсамжаа хуваалцдаг. Ер нь манай гэр бүлийнхэн бүгд надтай ижилхэн хүмүүс байдаг. Коронавирусийн халдвараас болж 2020 оны нэгдүгээр сард манай энд хөл хорио тогтоосон. Ингээд гэртээ амарч байхдаа ээждээ мэндчилгээ дэвшүүлээд дуулж өгсөн юм. Намайг дуулаад дууссаны дараа гэргий маань гитараа тоглоод л

 

“Цагаан баавгайн бамбарууш тоглон наадаж байна.

Цэгээн туулын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай

...” гээд хэд хэдэн дуу попури маягаар дууллаа. Бид хоёрын дуулахыг сонссон хүүхдүүд маань бүжиглэсэн. Ингээд л бичлэгээ ээжрүүгээ явуулчихсан юм. Орой унтах гэж байхдаа бичлэгээ фэйсбүүк дээрээ тавьчихсан. Маргааш өглөө нь босоод ирсэн чинь маш олон хүн үзчихсэн байсан. Тэгэхээр нь утсан дээр байсан бичлэгүүдээсээ дахиад хуваалцлаа. Бичлэг үзсэн маш олон хүн холбогдож “гэр бүлээрээ пэйж хуудас нээгээч” гэж зөвлөдөг юм байна. Ингээд л манай гэр бүл фэйж хуудастай болсон. Түүнээс хойш өөрсдийн хөгжилтэй бичлэгээ хуваалцаж байна.

 

Манай гэр бүл хүмүүст баяр баясал бэлэглэж байгаа нь буцаагаад бидэнд ч гэсэн маш сайхан энерги өгдөг. Үзэгчдийн сайхан сэтгэгдлийг унших маш сайхан байдаг. Бид бичлэгээрээ дамжуулан залуус дүү нартаа гэр бүлийн ариун нандин байдал, зөв, эрүүл харилцааг эрхэмлэх ёстой гэдгийг үлгэрлэж харуулахыг хүсдэг.

 

 

Та санаа авах шийдлүүдийг бичлэгээрээ дамжуулан хүргэдэг юм билээ?

 

Тиймээ. БНСУ-аас жишиг авах санаа, бүтээн байгуулалтыг бичлэг хийж хүргэхийг хичээдэг. Жишээлбэл, Цэцэрлэгийн үйл ажиллагаа. Цэцэрлэгийн хүүхдүүдийн мэдээллийг өдөр бүр зургаар ээж аавд нь илгээдэг.  Тав дахь өдрийн орой ирэх долоо хоногийн хоолны цэсийг нь эцэг эхэд нь мэдээлдэг.

 

Манай улсад 00 асуудал хэцүү байдаг. Харин энд маш амархан шийдсэн байдаг.  Гэхдээ би ийм гоё газар амьдарч байна гэж байгаа юм биш. Манай улсад ч гэсэн асуудлаа ингээд шийдээсэй гэж хүсдэг. Хамгийн гол нь хүн стрессгүй тайван орчинд амьдрах ёстой юм байна.

 

Ер нь манай цахим хаягт өдөрт дунджаар 100-150 зурвас ирдэг. БНСУ-д хэрхэн гэр бүлээрээ амьдрах, виз мэдүүлэг зэрэг асуултууд маш их ирдэг. Гэхдээ бид бүгдийг нь уншиж, хариулж амждаггүй. 

 

Танай хүүхдүүд ЕБС-ийн сургуульд суралцдаг. БНСУ-ын сургалтын систем ямар санагддаг вэ?

 

-Сурагчдадаа маш их анхаардаг. Хүүхдүүдэд хэт их ачаалал өгдөггүй  Багш нарынх нь ажилдаа хандаж байгаа хандлага маш гоё. Маш хариуцлагатай. Эцэг эхчүүдэд хүүхэд нь хэдэн цагт хичээлдээ ирсэн, хэдэн цагт хичээл нь тарсан талаарх мэдээллийг өдөр бүр илгээдэг. Багш, сурагч, эцэг эхчүүдийн хоорондын харилцаа холбоо маш сайтай.

 

Манай улсад сурагч нэгдүгээр ангид элсэн орохдоо л нэг ангид хуваарилагдаад дунд анги, ахлах ангид дэвшин суралцахдаа л ангиа солих боломжтой байдаг бол БНСУ-д ерөнхий боловсролын сургуулиа төгстлөө жил бүр шинэ ангид хуваарилагдаж суралцдаг. Тэгэхээр тухайн сургуулийн нэг түвшний сурагчид анги, бүлэгт хуваагдахгүй, бүгд бие биенийг таньдаг, найзууд болдог.

 

Мөн монголд сурагчдын урт амралт зуны улиралд болдог бол Солонгост нэг, хоёрдугаар сард амардаг. Ингээд гуравдугаар сарын 01-нд хичээлийн шинэ улирал эхэлдэг. Сурагчид зун богино хугацаанд амардаг. Монголд  хүйтний ес эхэлчихсэн нэг, хоёрдугаар сард сурагчдыг амраавал тохиромжтой юм шиг санагддаг.

 

Хүүхдүүд нь Монгол хэлээ хэр сайн мэддэг вэ?

 

-Хүүхдүүд маань ээж аавтайгаа монголоор ярих ч хоорондоо солонгосоор яридаг. Бидний хоорондоо ярилцаж байхыг хүн харахад инээдтэй л юм болно шүү дээ./инээв/ Солонгос сургуульд суралцаж, амьдарч байгаа учраас Монгол хэлний мэдлэг дутмаг. Тиймээс Монгол хэлний онлайн сургалтад хүүхдүүд маань суралцаж байгаа.

 

 

Мэдээж нутгаа санаж байгаа байх. Эх орондоо хэзээ ирэх төлөвлөгөөтэй байна вэ?

 

-БНСУ-д гэр бүлийн хамт суурьшиж, амьдарснаас хойш эх орондоо очоогүй байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийн хичээл, миний ажлаас шалтгаалаад очих боломжгүй байсан. Гэхдээ ирэх шинэ жилээр эх орондоо түр хугацаанд очихоор гэр бүлийн хүрээнд ярилцаж байна. Мэдээж Солонгос улсад байнга оршин сууна гэж боддоггүй. Эх орондоо очиж амьдрах нь тодорхой. Гэхдээ эх орондоо суурьшиж амьдрахын тухайд одоогоор төлөвлөгөө байхгүй байна.

 

 

Хүсэлт хүлээж авсанд баярлалаа. Бидний ярилцлага энд хүрээд дуусаж байна?

 

-Та бүхэндээ баярлалаа. Нэг зүйлийг хэлмээр байна. Орчин нөхцөлөө солиод гадагшаа гарч амьдарч үзэх хэрэгтэй. Ингээд өөр орчинд амьдраад үзэхээр хүний бодол санаа өөрчлөгдөнө. Миний хувьд БНСУ-д ирсээр нэг жилийн дараах болон долоо жилийн дараах бодлыг харьцуулбал эх орноо харах өнцөг, хувь хүний хандлага өөр болсон. Тухайн нэг улсад аялах, амьдрах хоёр маш өөр байдаг. Гадны улс орнуудад амьдарч, сурч хөгжөөд эргэн эх орондоо очиж бүтээн байгуулах хэрэгтэй.

 

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин