Хойд Солонгост хоногт 232 мянган халдварын тохиолдол илэрчээ
2022-05-18 08:24

Хойд Солонгос коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш нутаг дэвсгэрт нь нэг ч халдвар бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж, олон улсын КОВАКС хөтөлбөрөөр олгогдох вакцин хүлээж авахаас ч татгалзаж байлаа. Харин тавдугаар сарын 12-ны өдөр анх удаа улсад нь халдвар бүртгэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн юм. 

 

Хойд Солонгосын хэвлэлүүд "үл мэдэгдэх чичрэг өвчин" хэмээн халдварыг нэрлэж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлээс эрчимтэй бүртгэгдсэн гэх энэ өвчний тохиолдол өнгөрсөн хоногт 232 мянгаар нэмэгджээ. Мөн хоногт зургаан хүн нас барсан гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Ингэснээр нас барсан хүний тоо 62 болсон аж. 

 

Пхеньян "үл мэдэгдэх чичрэг өвчин" хэмээн нэрлэж буй халдварын тохиолдол нийтдээ 1,72 сая болсон гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Үүнээс 1,02 сая хүн эдгэрч, 691 мянган хүн эмчилгээ хийлгэж байгаа аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун халдвартай тэмцэх хүчин чармайлтаа хэд дахин нэмэгдүүлэхийг уриалсны дээр нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах шаардлагатайг онцолжээ. Үүнээс өмнө тэрбээр эмийн сангуудад эм бэлдмэл нийлүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор цэргүүдээ дайчилсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин