Резников: ОХУ урт хугацааны дайнд бэлтгэж байна

ОХУ нэмэлт хүч бүрдүүлж, эзэлсэн нутаг дэвсгэр дээр зэвсэг татаж, Украины эсрэг урт хугацааны дайн хийхээр бэлтгэж байна гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгджээ. Тэрбээр Европын холбооны Гадаад харилцааны зөвлөлд оролцон үг хэлэхдээ ийм мэдэгдэл хийснийг "Украины үнэн" дамжуулсан байна.
"Орос улс урт хугацааны цэргийн ажиллагаа явуулахаар бэлдэж байгааг харуулах шинж тэмдэг олон байна. Херсон, Запорож мужуудад Оросын эзлэн түрэмгийлэгчид бэхлэлтийн болон инженерийн ажлууд гүйцэтгэж байгаа. Дайн үргэлжлэх өдөр бүр манай цэргүүд амь эрсдэж, иргэд асар их зовлонд унаж байна. Тэр дундаа Оросын эзлэн түрэмгийлсэн нутгуудад. Бучад юу болсныг дэлхий даяараа харсан. Ийм "Буча" хаа сайгүй байна. Манай хүмүүсийг хөөж, тамлаж, хөнөөсөөр байгаа юм" хэмээн Украины Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр дайны улмаас Украины эдийн засаг сүйрч, цаашлаад энэ нь дэлхий дахинд хүнсний хямрал нүүрлэхэд нөлөөлнө хэмээн онцолсон байна.
"Дайн Украины эдийн засгийг сүйрүүлж байна. Улс орныг босгоход шаардлагатай хөрөнгийн хэмжээ өдрөөс л өдөрт нэмэгдэж байгаа. Дайн сунжирсанаар хүнсний хямрал, цаашлаад дүрвэгчдийн хямрал нүүрлэхээр байна. Энэ бүхнийг харгалзан, бид дайсныг ялж, ойрын хугацаанд нутаг дэвсгэрээ чөлөөлөхийг хүсэж байгаа юм. Тиймдээ ч бид олон улсаас тусламж авч, нэн хурдан зэвсэг худалдан авах шаардлагатай. Бидэнд хуягт машин, танк, алсын зайнаас устгах зэвсэг хэрэгтэй. Бид хүмүүсийнхээ амь насыг хамгаалахаар хичээж байна" хэмээн Резников мэдэгдсэн байна.
Резниковын мэдэгдсэнээр, Орос улс Украины эсрэг 167 мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүч ашиглаж байгаа гэх тагнуулын мэдээ байгаа гэнэ. Оросын арми хүнд зэвсэглэлээрээ Украинаас давуу байгаа ч АНУ, Их Британи, ЕХ, Япон, Австрали, Турк зэрэг оронтой хамтран ажилласнаар нутаг дэвсгэрээ хурдан хугацаанд чөлөөлөх боломж байгааг Резников онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ