Оросын цэрэг зэвсэггүй иргэнийг хөнөөсөн гэм буруугаа хүлээжээ

Украины Ерөнхий прокурорын газар тус улсын Сумск мужид энгийн оршин суугчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Оросын цэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд илгээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн нь Эрхүү хотын уугуул, Москва мужийн Кантемировын танкийн дивизийн алба хаагч, 21 настай Вадим Шишимарин юм. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Сумск мужийн Чупаховка суурингийн зэвсэггүй оршин суугчийг хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаагчид тогтоосон гэж Украины хэвлэлүүд мэдээлж байлаа.
Оросын цэргийн алба хаагчид холбогдох хэргийн шүүх тавдугаар сарын 18-ны өдөр Украины нийслэл Киев хотноо болжээ. Энэ нь Украинд дайн эхэлснээс хойших Оросын цэргийн гэм бурууг шүүх анхны хурал болсон бөгөөд ВВС агентлагийн мэдээлснээр, сэжигтэн Вадим Шишимарин шүүх хурлын үеэр зэвсэггүй энгийн иргэнийг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн байна.
Прокурорын газрын мэдээлснээр, ОХУ Украин руу халдсаны дараахан буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр 21 настай түрүүч Шишимарин багтаж байсан Оросын цэргийн цуваа руу Сумск мужийн Камыши суурин орчимд Украины арми бууджээ. Улмаар Оросын цэргүүд ухрах үед түрүүч Шишимарин өөр дөрвөн цэргийн хамт бусдын автомашиныг булаан, хил рүү явсан байна.
Ийнхүү ухарч явахдаа Лебединскийн гудамжийн байшингийн ойролцоо 62 настай Шелипов Александр Федорович хэмээх эртэй тааржээ. Хожим нь амиа алдсан, Оросын цэргийн алба хаагч Пуфаков тэдний талаар украинчуудад яриулахгүйн тулд Шелиповыг хөнөөхийг тушаасан гэнэ. Ингээд Шишимарин украин эрийг автоматаар хэдэнтээ бууджээ.
"Түүнийг буудахыг надад тушаасан, тэгээд би буудахад тэр унасан. Үүний дараа бид цааш явсан" хэмээн Шишимарин мэдүүлсэн байна. Шүүгч түүнээс хүний амь хөнөөснөө хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулан асуухад тэрбээр "тийм" хэмээн хариулжээ.
Энэ хэргийн дараа Шишимарин болон өөр гурван цэргийн алба хаагч Украины талд олзлогдсон байна. Түрүүч Шишимариныг "Дайны хууль зөрчсөн" гэсэн зүйл ангиар буруутган ял тулгаж байгаа аж. Ийм хэргийн төлөөх шийтгэл нь бүх насаар нь хорих хүртэлх ял байдаг гэнэ.
Оросын цэргийн өмгөөлөгч Виктор Овсянников зүйл ангийг зөөлрүүлэн хэргийг шийдүүлэхээр төлөвлөж байгаа ч одоогоор чухам ямар заалтаар өмгөөллөө үргэлжлүүлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, шүүх хурлын танхимд хэт олон сэтгүүлч цугласан байсан тул шүүх хурал багахан хугацаанд болж, тавдугаар сарын 19-ний өдөр үргэлжлүүлэн шүүхээр болжээ. Энэ шүүх хурлыг нээлттэйгээр явуулах бөгөөд шууд дамжуулалтыг YouTube хуудаснаа байршуулах гэнэ.
Энд дуулгахад, Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэр дээр дайны гэмт хэрэг ихээр үйлдэж байгаа талаар Украины тал удаа дараа мэдэгдэж, улмаар олон улсын зүгээс эдгээр хэргийг шалгах, нотлох баримт цуглуулахаар болсон. Хүний эрхийн Нuman Rights Watch байгууллагын төлөөлөгчид Оросын цэргүүд түр эзэлсэн 17 суурин газарт очиж, цэргийн гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдийн нотолгоог цуглуулсан байна. Хүний эрхийг хамгаалагчдын мэдэгдсэнээр шүүхийн тогтоолгүйгээр хүн шийтгэсэн 22 тохиолдол, хүний амь хөнөөсөн 9, хүчээр хүн хулгайлсан байж болзошгүй 6, тамалсан долоон тохиолдлын баримтыг цуглуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ