Дипломат дайн: Орос, Испани харилцан дипломатуудыг хөөв
2022-05-19 08:24

ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш дэлхийн улс орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахын зэрэгцээ төрөл бүрийн шалтгаанаар Оросын дипломатуудыг нутгаасаа хөөсөөр байгаа юм. 

 

Хамгийн сүүлд гэхэд л Испани улс Оросын 27 дипломатыг хөөхөөр болсон байна. Үүний хариуд ОХУ Испанийн 27 дипломатыг "персона нон грата" буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарлажээ. Ингэснээр Москва дахь Испанийн Элчин сайдын яам болон Санкт-Петербург дахь Ерөнхий консулын газрын нийт 27 дипломат ажилтан долоо хоногийн дотор Оросын нутаг дэвсгэрийг орхих шаардлагатай болсон байна.

 

Үүний зэрэгцээ ОХУ Италийн 24 дипломатыг хөөн гаргахаар болжээ. Үүнээс өмнө Франц улс Оросын 41 дипломатыг хөөн гаргасны хариуд Францын 34 дипломатыг хөөх шийдвэр гаргасан байна. Орос дахь Францын дипломатууд энэ улсыг орхиход 14 хоногийн хугацаа өгчээ.

 

Орос Украинд дэгдээсэн дайны улмаас ийнхүү дипломат дайн хурцдаж байна. Литва  улс зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн ОХУ дахь Элчин сайд Эйтвид Баярунасыг эгүүлэн татахаар болсон бол зургадугаар сарын долооны өдрөөс Санкт-Петербург дахь Ерөнхий консулын газраа хаах шийдвэр гаргажээ. Консулын болон бусад үүрэгт ажлыг Москва дахь Литва улсын Элчин сайдын яам гүйцэтгэх аж. 

 

Энд дуулгахад, ОХУ Украинд дайн дэгдээснээс хойш улс орнууд ийнхүү Оросын дипломатуудыг хөөн гаргаж байгаа бөгөөд нийтдээ Оросын 480 дипломат нутаг буцсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нэг новшийн элчинг хөөж үзэхсэн эдэншиг
2022-05-19