Иранд үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр зургаан хүн амиа алджээ
2022-05-19 09:06

Иранд гол нэрийн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл хүрээгээ тэлж байгаа талаар Аль-Арабия суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн  дамжуулснаар, эсэргүүцэгчид, тэднийг тараах гэсэн цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч, улмаар зургаан хүн амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ. Харин Ираны эрх баригчид мөргөлдөөний үеэр хүн амиа алдсантай холбоотой албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

 

Мягмар гарагт Исфахан мужийг эсэргүүцлийн давлагаа бүрхсэн бол үүнээс өмнө Хузестан, Лорестан, Чехармехал, Бахтиари, Кохгилуй, Бойерахмед, Ардебил мужуудад олныг хамарсан үймээн дэгдсэн байна. Ийнхүү олон нийт эсэргүүцлийн давлагаанд нэгдэх болсон нь үнийн өсөлттэй холбоотой бөгөөд Ираны эрх баригчид өнгөрсөн долоо хоногт ургамлын тос, тахиан мах, өндөг, сүүний үнийг ихээхэн нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин