Дэвид Бэсли: Путин зүрх сэтгэлтэй л юм бол Украины боомтуудыг нээ

Орос, Украины хооронд дайн дэгдэж, Украины үр тарианы экспорт тасалдсаны улмаас дэлхий дахинд хүнсний хомстол нүүрлэж болзошгүй гэж НҮБ дахин анхаарууллаа.
Украин улс дэлхийн улаан буудайн нийт нийлүүлэлтийн 10 хувийг хангадаг ч Орос улс дайн эхлүүлснээр экспортын гол гарц болох Хар тэнгис дэх Украины боомтууд хаагдсан юм. Улмаар Одесса болон бусад хотуудын агуулахуудад байгаа олон мянган тонн үр тариаг экспортлох боломжгүй болжээ.
"Эдгээр боомтуудыг аль болох түргэн хугацаанд нээх ёстой. Учир нь ганцхан Украины тухай биш өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа олон орны асуудал энд яригдаж байгаа. Путин зүрх сэтгэлтэй л юм бол энэ боомтуудыг нээхийг түүнд би уриалж байна" хэмээн НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бисли Нью-Йорк хотноо болсон хүнсний аюулгүй байдлын асуудлаарх шуурхай уулзалтын үеэр мэдэгджээ.
Өнөөгийн нөхцөл байдал шийдэгдэхгүй бол олон жилийн туршид өлсгөлөн үргэлжилнэ гэж өмнө нь НҮБ-ын нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэж байлаа. Асуудлыг шийдэхийн тулд Орос, Украин, Турк, АНУ, ЕХ-ны төлөөлөгчидтэй тэрбээр хэлэлцээ хийж байгаа ч шийдэлд амархан хүрэхгүй гэж онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ