Нүүрс тээвэрчид ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
2022-05-19

Уул уурхайн чиглэлээр улс хоорондын тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох төрийн үйл ажиллагааг ил тод, шударга, бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг хангах эерэг үр дагаврыг бий болгох гэсэн зорилгоор Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

 

 

Шинэчилсэн хуулийн төсөл нь бодит нөхцөл байдалтай уялдахгүй байгаа талаар дотоодын зам тээврийн ААН-үүд эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.

 

Тээврийн ААН-ийн төлөөлөл “Манай улсын тээврийн зах зээлд 300 гаруй ААН байдаг үүний 10 хувь нь буюу 30 компани дотоодын ААН байдаг. Эдгээр нь бүгд нүүрс тээврийн “С” зөвшөөрлийг ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ-наас авдаг байсан. Гадны хөрөнгө оруулалттай компаниуд хээл хахууль өгч дотоодын ААН-үүдийг шахан, ажлыг булаадаг явдал цөөнгүй гардаг байсан. Бид энэ асуудлыг шийдүүлэхээр хөндсөн ч байдал буруугаар эргэж, дотоодын компаниудыг шахаж гаргахаар болчихлоо.

 

Учир нь шинэ хуулийн заалтад тээврийн зөвшөөрлийг Уул Уурхайн Яам болон  худалдан авагч талаас авна гэж заасан байна. Худалдан авагч тал гэдэг хятадууд болон гадны компаниуд. Ингэснээр бид Авто Тээврийн Яамнаас арай хийж авдаг байсан зөвшөөрлөө ч авах боломжгүй болж аажмаар тээврийн салбараас шахагдан гарах нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм.

 

Тиймээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг дотоодын тээвэрчидтэй нээлттэй хэлэлцүүлэг хийх, шударга бус хуулийн төслийг батлуулах ажлыг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна” гэж мэдээллээ.

 

Мөн тэдний тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажил хаялт зарлана гэдгээ ААН-үүдийн төлөөлөл хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. 

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин