Шри-Ланка: Төрөл саднаараа төр барьсан нь буюу баянаас ядуу руу нэг алхам

Саяхан л чинээлэгт тооцогддог байсан улс эмх замбараагүй, үймээн самуунтай нөхцөлд орж, бензингүй, эмгүй, наад захын хүнсний бүтээгдэхүүн ч үгүй хоцров. Дефолт зарлаж, цагдаагийнхан үймээнийг дарахад хүчгүйдэж байна. Ард түмэн баячуудын байшинг шатааж, удахгүй өлсгөлөнд нэрвэгдэхээ хүлээж сууна. Энэ бол Шри-Ланка.
Өдгөө Шри-Ланкад үүссэн эдийн засгийн хямрал болон түүнээс үүдэлтэй олныг хамарсан эмх замбараагүй байдал нь тус улс 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойших хамгийн аюултай, хамгийн өргөн цар хүрээтэй үймээнд тооцогдож байна.
Шри-Ланкийн аж үйлдвэрийн томоохон төв болох Коломбод эхэлж, улмаар хоёр сарын дотор улс орон даяар тархсан эмх замбараагүй байдалд нийгмийн бүхий л давхаргынхан оролцож байгаа аж. Олон нийтийн жагсаал, эсэргүүцэлд тариачид, төрийн алба хаагчид, ажилчид, инженерүүд, тэр бүү хэл цагдаагийнхан ч оролцож байгаа талаар гадаадын хэвлэлүүд бичжээ. Анх улс төрийн шаардлагаас эхэлж байсан эсэргүүцлийн жагсаал цаашлаад эдийн засагтай шууд холбогдсон юм.
Учир нь энэ улсад бензин хэдийнэ дууссан. Тавдугаар сарын 16-ны өдөр Шри-Ланкийн Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ “бензиний нэг хоногийн нөөц бий” хэмээж байв. Үүний зэрэгцээ шаардлагатай эм бэлдмэлийн нөөц дуусаж байгааг ч дуулгасан юм.
Арлын энэ орны оршин суугчид бараа бүтээгдэхүүний хомстолтой нүүр тулаад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Түлшнээс гадна хүүхдийн тэжээл тасарж, хүнс, нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаджээ.
Эмч нар төлөвлөгөөт мэс ажилбаруудыг цуцалж, наад захын эм тариа худалдан авахын тулд боломжтой иргэдэд хандан санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэхийг уриалсаар байгаа аж.
Шри-Ланкийн гадаад өр 51 тэрбум долларт хүрсэн, валютын нөөц нь дуусаж байгаа зэргээс харахад энэ улсыг дампуурсан гэж хэлж болно хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Ердөө гурван жилийн өмнө энэ улсын гадаад өр найман тэрбум орчим доллар байжээ. Инфляцийг хянах боломжгүй болсон энэ улс гадаад өрөөр дефолт зарлаж, нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, эм бэлдмэлээ ч импортлох боломжгүй болсон байна.
Энэ улсын эдийн засаг болон улс төрийн хямрал нь олон жилийн туршид бүрэлдэн тогтсон улс төрийн элитийн системийн шууд үр дүн гэж шинжээчид үздэг.
Түүнчлэн Шри-Ланкийн нам хоорондын улс төрийн тэмцэл гэр бүлийн хүрээллийнхнээр бий болсон эдийн засгийн сувгуудын хооронд өрнөж байгааг олон улсын шинжээчид онцолж байгаа юм. Махинда болон Готабая Ражапакса гэсэн ах дүүс ээлжлэн ерөнхийлөгч болон ерөнхий сайдын эрх мэдлийг авдаг бол улс төрийн гол албан тушаалууд ч ах дүү хамаатан саднаар дүүрсэн байна.
Энэ улсад засгаа шүүмжилдэг хэвлэлүүдийг ихээхэн дарамталж, сэтгүүлчдийг хулгайлах, тамлах, хөнөөх явдал ихээхэн гардаг аж. Хэвлэлийнхний амыг ийнхүү таглаж, гэр бүлийн хүрээллийн тойргоос дэмжлэг авдаг эрх баригчид төрийн институтууд төдийгүй улс орныхоо эдийн засагт туршилт хийсэн нь өнөөгийн нөхцөл бий болох шалтгаан болсон гэж шинжээчид үзэж байна.
Тодруулбал, 2019 онд бүс нутагтаа ДНБ-ээрээ тэргүүлэх байранд ордог байсан Шри-Ланкийн ерөнхийлөгч Готабая Ражапакса нэгэн туршилтыг эхлүүлжээ. Энэ нь 10 жилийн хугацаанд газар тариалан эрхлэгчдийг бордоо, пестицид ашиглахгүй байхыг зөвлөсөн байна. Бордоо, пестицид ашиглахгүй байх нь экологид сайн нөлөөтэй гэж үзэж байв. Түүнчлэн бордоо худалдан авахгүй байснаар ихээхэн мөнгө хэмнэнэ гэж Засгийн газар тооцоолсон байна.
Энэ туршилт мэдээж сайнаар дууссангүй. Эхний хагас жил гэхэд л үр тариа, будаан ургаж 20 хувиар буурч, ухаалаг хэмнэлт хийхээр тооцоолж байсан засгийн газар нь 450 сая доллараар цагаан будаа импортлохоос аргагүй байдалд орсон аж.
Ингээд цагаан будаан үнэ хоёр дахин өссөнөөр цай, каучук, наргил модны самрын үйлдвэрлэл ч сүйрсэн байна.
Тухайн үед, Ерөнхийлөгчийн дүү, Махендра Ражапаксагийн удирдаж байсан засгийн газар нөхцөл байдлыг засах гэхдээ гал дээр тос асгасан арга хэмжээ авсан гэдэг. Тэд фермерүүдэд нөхөн төлбөр өгч, хоригоо цуцалж, дахин бордоо, пестицид авахын тулд асар их хөрөнгө зарцуулжээ. Гэвч энэ нь хожимдсон алхам байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ