Сармагчны салхин цэцэг өвчин бүртгэгдсэн орны тоо 14 боллоо
2022-05-23

Европын хэд хэдэн оронд сармагчны салхин цэцэг өвчин тархаж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарсан. Энэ өвчний тархалт хүрээгээ тэлж, Израиль, Швейцарт бүртгэгдсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 22-ны өдөр Израиль, Швейцарт сармагчны салхин цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдсэн байна. Ингэснээр энэ өвчин илэрсэн орны тоо 14 болжээ. Израиль, Швейцарт бүртгэгдсэн халдварууд хилийн чанадаас ирээд удаагүй хүмүүсээс илэрсэн байна. 

 

Сармагчны салхин цэцэг өвчин нь Төв болон Баруун Африкт ихэвчлэн тархдаг аж. Энэ бүс нутагт байсан хүн болон амьтан энэ өвчний өдөөгч вирусийг тээдэг гэнэ. 

 

Израиль, Швейцараас өмнө АНУ, Канад, Испани, Португали, Их Британи, Шведд, Франц, Итали, Австралийн нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт энэ өвчний тохиолдлууд бүртгэгдсэн юм.

 

Дэлхий даяар сармагчны салхин цэцэг өвчний халдвар 80 тохиолдол батлагдсан ч өөр 50 өвчтөн энэ халдварыг авсан байж болзошгүй хэмээн ДЭМБ мэдэгдсэн.

 

Гэхдээөвчний сэжиг бүхий тохиолдлууд чухам аль оронд бүртгэгдсэн талаар мэдээлээгүй байна. Цаашлаад энэ өвчний тархалт нэмэгдэнэ хэмээн ДЭМБ анхааруулжээ. 

 

Мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар, сармагчны салхин цэцэг өвчин нь хүнээс хүнд маш хурдан халдварладаг гэнэ. Гэхдээ энэ өвчин хөнгөн хэлбэртэй байдаг, ихэнх хүмүүс хэдэн долоо хоногийн дотор бүрэн эдгэрдэг аж. 


Британийн Засгийн газрын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн зөвлөх, доктор Сьюзан Хопкинсийн өгүүлснээр, Британид өдөр бүр шинэ тохиолдол илэрч байгаа гэнэ.

 

Сармагчны салхин цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин байхгүй ч зарим оронд энгийн салхин цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг нөөцөлж байгаа аж. Энгийн салхин цэцэг болон сармагчны салхин цэцэг өвчнийг үүсгэгч вирусүүд нь адилхан тул энэ вакциныг ашигласнаар Европт дэгдэж байгаа халдвараас 85 хувь сэргийлэх боломжтой гэнэ. 


ДЭМБ-ын Европын бүс нутгийн захирал Ханс Клюгегийн өгүүлснээр зуны саруудад хүмүүс нэг дор олноор цуглардаг тул вирус дамжих явц хурдацтай өрнөж магадгүй аж. 

 

Сармагчны салхин цэцэг 

Сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ

 

Сармагчны салхин цэцэг өвчин туссан үед биеэр идээт батга, цэврүү бүхий тууралт гардаг аж. Энэ тууралт хэсэг хугацааны дараа арилсан ч хүний бие дээр бүх насаар нь арилахааргүй сорви үлддэг гэнэ. Тууралт нь өвчний хүндрэлээс хамаарч харилцан адилгүй. Гурваас, дөрвөн долоо хоногийн дараа өвчин эдгэрдэг энэ өвчний далд үе нь 7-21 хоног байдаг бол халдвар авснаас хойш ихэвчлэн 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрдэг юм байна. Халдвар авсны дараа толгой өвдөх, булчин, нуруугаар өвдөх, нозоорох, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Маш ховор тохиолдолд, ихэвчлэн бага насны хүүхэд энэ өвчний улмаас энддэг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин