Ч.Цогтбаатар: Говь нутгаа цөлжилтөөс аврахын төлөө заган ой бий болгож байна
2022-05-23 08:46

Эх орон төдийгүй бүс нутгаа цөлжилтөөс аврахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн Монгол орон даяар өрнөж байна. Төрийн байгууллага, иргэд, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарих үүрэг хүлээж, бургас, хайлаас, бор голт зэргээр нийтлэг моддыг өөрсдийн харьяаны нутаг дэвсгэртээ тарьж байна.

 

Харин говь нутгийг цөлжилтөөс хамгаалах заг модыг тарьж, ургуулсан тохиолдол тун цөөн аж. Олон зуун жилээр насалдаг, илчлэг өндөртэй, говийн “ургаа нүүрс” хэмээн нэрлэгддэг заг мод хүний буруутай үйл ажиллагаанаас болж устгаж үгүй болох хэмжээнд хүрээд буй. Үүнээс үүдэн элсний нүүдэл эрчимжиж, цөлжих шалтгаан болж байна.

 

Тэгвэл говь нутгийг цөлжилтөөс хамгаалж, заг мод ургуулж буй Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул иргэн Ч.Цогтбаатартай ярилцлаа. Тэрбээр нутагтаа заган ой байгуулахаар дүүсийн таван гэр бүлээрээ хамтран загийн 200 гаруй үр суулган, 2 настай болтол нь ургуулаад байна.

 

-Хамгийн анх хэзээнээс мод тарьж эхэлсэн бэ? Мод тарих санаагаа хаанаас олж байв?

 

-Уул уурхайн олон компанийн үйл ажиллагаанаас болж нутаг маань сүйдсэн. Цөлжилт, ган  гачиг ойрхон байна. Тиймээс халаглаж суухын оронд мод тарихаар шийдсэн. 2011 онд Өмнөговь аймгийн удирдлагууд “Говь нутгаа ойжуулъя” уриан дор мод тарих урамшуулалт аян зарлаж байсан юм. Тэр аянд нэгдэж, анх цөөхөн тооны мод ургуулж байлаа.

 

-Одоо бол 200 гаруй мод ургуулсан байна. Хэзээнээс мод тарихаар санаа шулуудав.

 

-Гурван жилийн өмнөөс ажил хэрэг болгож, садан төрлийн холбоотой дүү нартайгаа нийлээд тарьж эхэлсэн.

 

-Яагаад заг мод тарих болов? Мэдээж говьд хамгийн тохиромжтой мод ч бүтэн шугуйтай болох зорилт тавих илүү чухал шалтгаан байгаа байх?

 

-Говийн хүмүүс, ургамал, амьтан гээд амьтай бүхэн хэзээ орох нь мэдэгдэхгүй борооны мөрөөдөл болдог. Заг нь бороо, усалгаанд найдалгүйгээр хөрсөн доор хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайж ургадаг мод. Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод маш бат бөх, ямар ч хүчтэй салхийг сөрж чаддаг гайхалтай ургамал.

 

Бас хүчтэй салхины эрчийг бууруулан, элсний нүүдлийг тогтворжуулан барьдаг гэсэн хөгшчүүдийн яриа ч байдаг. Энэ бол миний заганд дуртай болсны гол шалтгаан юм даа.

 

 

-Мод тарих ажил орон даяар өрнөж байна. Таны ажил ч ид өрнөж байгаа байх. Энэ хавар хичнээн заг тарив?

 

-Ажил ундарч байна. Энэ хавар өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөж ургуулсан заг модны 250 000 суулгацыг Гурвантэс сумын Загт боом гэх газрын нийт 300 га газар тарихаар ажиллаж байна.

 

-Тэгэхээр таны зорилго бол заган ой бий болгох бололтой?

 

-Миний хамгийн их хүсэж, хийхийг зорьж байгаа ажил бол нутагтаа заган ойг бий болгох. Үүнийхээ төлөө бага багаар хөдөлмөрлөсөөр л байна. Тууштай байж, энэ зорилгодоо хүрэх өдөр удахгүй ирэх байх.

 

 

-Таныг загийг үрээр тарьсан гэж сонссон. Говь нутаг салхи шуурга ихтэй, бараг боломжгүй мэт санагдаж байна л даа. Яаж ургуулдаг вэ?

 

-Загийг үрээр тарих бол маш их хөдөлмөр, хугацаа шаардсан ажил. Загийн навч гэж хэлж болох замбагыг намар түүж авдаг. Түүн дотроос загийн хар үрийг түүж авна. Энэ үр нь шар будаанаас ч жижигхэн хэмжээтэй байдаг. Харин талбайгаа бууцаар тордон газраа бэлдээд намар суулгац тарих нүхнүүдээ ухаж, хавар нь модоо тарьдаг.

 

-Заг мод үндсээрээ ус чийг хайж ургадаг гэлээ. Гэхдээ нэмэлт усалгаа шаардлагатай биз дээ. Говь нутагт усалгаагаа яаж шийдэж байгаа вэ?

 

-Гүний худгаас ус авч, өнжүүлж бүлээсгээд усалдаг. Мэдээж энэ их модыг усалж, тордоход худаг, хашаа гээд олон зүйл хэрэг болно. Өмнө нь уул уурхайн хэд хэдэн компанид хандаж байсан ч төдийлөн шийдэлд хүрээгүй. Одоо хийж буй ажлаа аймаг, сумын удирдлагуудад танилцуулж тусламж хүссэн. Их сайшааж, дэмжиж ажиллахаа амласан.

 

-Говь нутгийн заган ой эрс багасаж, устах хэмжээнд хүрсэн тухай ярьдаг. Ямар шалтгаанаар ийм байдалд хүрэв?

 

-1940-өөд оны үед нутаг маань загийн шугуйтай байлаа. Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсын үнэт өв болсон байгалийн иодтой давс Дунд гол гэх газар манай нутагт бий. Дунд голын давсыг түшиглэн үйлдвар баригдаж, ажиллаж байх хугацаандаа ойр орчмын хөрсийг ихээхэн сүйтгэсэн. Мөн заг мод нь нүүрс шиг дулаан ялгаруулдаг учраас хүмүүс маш ихээр түлдэг байлаа. Сүүлд 1970-1980-аад оны хооронд говь нутагт ган болсон. Тэр үед ганцхан ургамал тэсэж үлдсэн нь заг мод.  

 

-Ерөнхийлөгчийн санаачилгаар мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Мод тарих хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

 

-Олон мод тарих гэж газар ухаж, сэндийчээд орхих хэрэггүй. Нэг л модыг чин сэтгэлээсээ тарьж, ургуулбал бидний үр хойчдоо үлдээж буй цэвэр агаар шүү. Энэ үгийг олон хүнд хэлмээр санагддаг байлаа. Танай сайтаар дамжуулж олонд түгээх боломж гарсанд баяртай байна.

 

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Б.Намуунзаяа

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ёстой сайхан ажил байна. Бидний багад байсан шиг сайхан зун болохоо болиод байна. Сайхан нар ээгээд бороо шивэрч ордог говийн зун маань улаан шороогоор нүүр нүдгүй балбадаг л болоод байна. Сайхан мод тариад байвал шороо тоос босох нь багасаж хур тунадас нь элбэгших байх
2022-05-24
Болд:
Ямар мундаг хүмүүс вэ. Баяр хүргэж амжилт хүсье.
2022-05-23
Bayar hurgiye. Az jargal, eruul enhiig husen eruue.
2022-05-23
Z:
Mundag hun um
2022-05-23