Өнөөдөр Олон улсын яст мэлхийн өдөр
2022-05-23 11:35

Өнөөдөр Олон улсын яст мэлхийн өдөр. Дэлхийн олон оронд тавдугаар сарын 23-ны өдөр цэцэн ухаан, баялаг, урт насыг бэлгэддэг амьтан болох яст мэлхийн өдрийг тэмдэглэдэг аж. 

 

Энэ өдрийг анх Яст мэлхий аврах Америкийн нийгэмлэгийн санаачилгаар 2000 онд үүсгэж байжээ. Ийм өдрийг бий болгосон нь хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарснаасаа болоод яст мэлхий үй олноор мөхөж байгаад олны анхаарлыг хандуулах зорилготой  аж.

 

Эрдэмтдийн үзэж байгаагаар, яст мэлхийнүүд хүн үүсэхээс ч өмнө дэлхий дээр амьдарч байсан гэнэ. Тухайлбал далайн яст мэлхийнүүд 100 сая жилийн туршид далай тэнгист нутаглаж байгаа аж. Гэвч үлэг гүрвэлийн эриний энэ амьтан сүүлийн жилүүдэд мөхөх дээрээ тулж байгааг амьтан хамгаалагчид анхааруулсаар байгаа юм. 

 

Яст мэлхийн тоо толгой буурахад хүний үйл ажиллагаа ихээхэн нөлөөтэй байдаг бөгөөд тэр дундаа хүрээлэн буй орчин болон далай тэнгисийг хуванцар, бусад хог хаягдлаар бохирдуулж байгаа нь ихээхэн нөлөөлдөг байна.Эрдэмтдийн өгүүлснээр, далайн яст мэлхийнүүд хуванцар хаягдлыг далайн залхагтай андууран залгиж, улмаар ходоодонд нь гацаж, дотор эрхтнүүдийг гэмтээн, улмаар хоол идэж чадахгүй болсон яст мэлхий турж, үхдэг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин