Дэлхийн хүн амын 1,3 тэрбум нь тамхи татдаг

Хүн төрөлхтний ноцтой асуудлын нэг нь тамхи татах зуршил байгааг эрдэмтэд онцоллоо. Судлаачдын тооцоолсноор, дэлхий дээр 1,3 тэрбум хүн тамхи татаж өөрийн болон бусад хүний эрүүл мэндэд хор учруулахын зэрэгцээ хүрээлэн буй орчныг хордуулдаг аж.
АНУ-ын Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн гаргасан судалгаанд өгүүлснээр, тамхи татдаг эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс тав дахин их байдаг бол дэлхийн нийт тамхи татдаг хүмүүс жилд таван их наяд тамхи татаж, тамхины зах зээлийн 80 хувийг хяналтдаа байлгадаг таван компанид ихээхэн ашиг орлого оруулдаг гэнэ.
Тамхи хамгийн ихээр хэрэглэдэг орнуудын тоонд Беларусь, Болгар, Хойд Македони багтаж байна. Эдгээр орнуудад жилд нэг хүнд дунджаар 2,5 мянган ширхэг тамхи оногддог аж. Үүний араас Орос, Хятад улс багтаж байгаа бөгөөд энэ хоёр оронд жилд нэг хүнд 1900 тамхи ногддог гэнэ.
Хэдийгээр дэлхий даяар тамхи татдаг хүний тоо аажмаар буурч байгаа ч хөгжиж буй орнуудад тамхины хэрэглээ улам өсөж байгаа бол өсвөр насныхан тамхинд донтох хандлага ч нэмэгдэж байгааг эрдэмтэд онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ