БШУЯ: Зургаадугаар ангийн сурагч биеийн тамирын хичээлийн өмнө бэртсэн
2022-05-23 14:40

 

Амны хаалттай биеийн тамирын хичээлд орсон сурагч нас барсан гэх асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийж байна.

 

Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох

 

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх сургууль руу холбогдож мэдээлэл авсан. Биеийн тамирын хичээлд амны хаалттай оролцож, бэртэж гэмтсэн тохиолдол байхгүй. Нийслэлийн нэр бүхий сургуулийн зургаадугаар ангийн сурагч гэмтэж, бэртсэн тохиолдол гарсан байна.  Тухайн сурагч биеийн тамирын хичээлд орох гэж байгаад хичээлийн бэлтгэл зааварчилгаа өгч байх үед бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн  байсан.

 

Сургуулийн хяналтын камерын бичлэг үзэхэд тухайн хүүхэд гадны нөлөөнд өртсөн, амны хаалт зүүсэн байсан гэх зүйл илрээгүй. Эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тухайн хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа.

 

Мөн биеийн тамирын хичээлд амны хаалттай оролцсон сурагч нас барсан гэх мэдээлэл явж байна.  Дээрх шалтгааны улмаас нас барсан тохиолдол гараагүй. Дээр дурдсан сургуулийн сурагч тавдугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад өвчний улмаас нас барсан тохиолдол гарсан. Энэ нь ямар нэгэн байдлаар сургуулийн үйл ажиллагаатай холбоогүй юм.

 

 

БШУЯ-ны Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

 

-Коронавирусийн нөхцөл байдал буурсан, ЕБС-ийн сурагчид танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн орчинд амны хаалтгүй хичээллэж болох эсэх талаар Боловсролын Ерөнхий газар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас бичгээр зөвлөмж авсан. Тус зөвлөмжийн дагуу биеийн тамирын хичээл, дугуйланг амны хаалтгүй хичээллүүлнэ гэсэн албан бичгийг илгээсэн.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Мэдээж яам буруугүйшдэ ойлгомжтой. Хэн ч буруутай биш хохирсон хүүхэд л өөрөө буруутай
2022-05-23
энэ вирус их ухаантай шүү, биеийн тамир орж байх үед нь амарч байдаг гэсэн
2022-05-23