Хойд Солонгост халдварын тоо гурван саяд дөхжээ
2022-05-24

Цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдвар нэг ч илрээгүй гэж мэдэгдэж байсан БНАСАУ-ын эрх баригчид нутаг дэвсгэр дээр нь анхны тохиолдлууд бүртгэгдсэн талаар анх энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр л албан ёсоор зарлаж байлаа. 

 

Хойд Солонгосын хэвлэлүүд "үл мэдэгдэх өвчин" дэгдсэн талаар дөрөвдүгээр сарын сүүлээр мэдээлж эхэлсэн бөгөөд "чичрэг өвчин" гэж нэрлэж байгаа энэ халдвар нь "коронавирусийн халдвар" гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. 

 

Энэ "чичрэг" өвчний халдвар өнгөрсөн хоногт 134 мянгаар нэмэгдсэн байна. Харин өнгөрсөн хоногт энэ өвчний улмаас хүн нас бараагүй гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлснийг Ёнхап агентлаг дамжуулжээ. 

 

Хойд Солонгост өнгөрсөн хоногт 134 мянган халдвар бүртгэгдсэнээр энэ улсад халдвар авсан хүний тоо 2,94 сая болсон байна. Үүнээс 2,54 сая нь эдгэрч, 68 хүн нас баржээ. 

 

Солонгосын цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, БНАСАУ цар тахалтай холбоотой нөхцөл байдлыг тогтоон барьж, хяналтдаа оруулсан гэнэ. Шаардлагатай бүхий л арга хэмжээг авсны дүнд өвчлөл болон нас баралт буурч, эдгэрэх хүний тоо нэмэгдсэн гэж эх сурвалж онцолжээ. Цар тахалтай тэмцэхийн тулд сая гаруй эмнэлгийн ажилтныг дайчилж, улс даяар 10 мянган хөдөлгөөнт отряд коронавирустэй тэмцэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
3сая гэж дарсан тоо байгаа. 10 аад сая болж
2022-05-26