Буданов: Путин хорт хавдартай нь үнэн

Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов "Украины үнэн" сонинд ярилцлага өгөхдөө Путиний амь насанд халдах оролдлого дайн эхэлсний дараа гарсан, түүнчлэн Путин хорт хавдартай нь үнэн гэсэн мэдээллийг өгчээ. Түүний ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна.
– Та Путинийг өвчин туссан гэж ярьж байсан. Тэр үнэхээр хавдар өвчин туссан уу?
– Тийм ээ, бид энэ мэдээллийг бүрэн баталгаажуулж чадна. Путин хэд хэдэн хүнд өвчин туссан. Тэдгээрийн нэг нь хавдар.
Гэхдээ Путин маргааш гэхэд л нас барна гэж найдах хэрэггүй. Тэр багадаа гэхэд л дахиад хэдэн жил амьдарна. Энэ мэдээ та бүхэнд таалагдах эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ энэ үнэн.
– Тэр сэтгэц, сэтгэл хөдлөлийн хувьд ямар байдалтай байна?
– Гурван өдрийн дотор бүх улс орныг эзлээд, Киевийн захиргааны байран дээр оросын далбааг мандуулна гэж бодсон дарангуйлагч ямар байдалтай байх талаар бид энд өчнөөн маргаж болно. Дэлхийд хоёрт ордог армитай гэгддэг энэ улс гурав дахь сардаа, өөрийнх нь хэлдгээр “хоцрогдсон Украиныг” ялж чадахгүй байна. Тэгэхээр тэр ямар байдалтай байх вэ?
– Цөхөрсөн л гэж бодож байна.
– Тийм л байгаа шүү дээ.
– Одоо Путинтэй хэн орж уулзаж байгаа бол?
– Нэр ус цохолгүйгээр хэлье. Тэр өөртэйгээ уулзах хүний тоог эрс багасгасан. Одоо түүн рүү маш цөөн хүн орж л уулзаж байгаа. Бусад нь бүгд зайнаас харилцдаг.
– Та Путинийг хавдраар өвдсөн гэж гэлээ, тэгэхээр тэр залгамжлагчаа бэлдэж байгаа юу?
– Энэ бол тун сонирхолтой асуудал. Тэр энэ асуудлыг бодолцож байсан, зарчмын хувьд боломжит хүнийг сонгочихсон. Тийм хүмүүс хэд хэд байсан.
Түүний одоо байгаа байдлаас харахад залгамжлагчаа бэлдэхээс эмээж байгаа бололтой. Путинийг хүсэхээс өмнө суудлыг нь эзлэчихээс эмээсэндээ тэр. Тиймээс тэр зай барьж байна, өөрийгөө мөнхөд удирдагч байна гэж итгэж байгаа. Гэвч ийм юм болохгүй.
- Мөнх удирдана гэж юу гэсэн үг вэ? Тэр өвчин туссан, мөн удахгүй 70 нас хүрнэ шүү дээ?
– ХХ-XXI зууны аль нэг дарангуйлагчийн түүхийг хараад үзээрэй. Тэд ихэвчлэн өөрийн хүслээр үхэж чаддаггүй. Хамгийн сүүлийн үеийн жишээ, Саддам Хусейн, Югославын дарангуйлагч, Ливийн дарангуйлагчийг аваад үзье. Энэ бол дарангуйлагчийн сонгодог хувилбар. Путин ч мөн тэгэж дуусна.
- Ийм дарангуйлагчдын тойрон хүрээллийнхэн нь хөнөөхөөр оролдож байсан жишээ түүхэнд байдаг шүү дээ? Түүн шиг, Путиний амь насанд халдах оролдлого гарч байсан болов уу?
- Путиний амь насанд халдах оролдлого гарч байсан.
- Сүүлийн үед үү?
- Тун саяхан, Кавказын төлөөлөгчдийн шугамаар түүний амь насанд халдахыг завдсан. Энэ мэдээллийг олонд дэлгээгүй. Тун амжилтгүй халдлага болсон.
- Хэзээ ийм хэрэг болсон бэ?
- Ойролцоогоор хоёр сарын өмнө. Дахин хэлье, амжилтгүй болсон. Энэ мэдээллийг нийтэд дэлгээгүй, гэхдээ халдах гэж оролдсон нь үнэн.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ