Оросын парламентын гишүүд Украины дайныг эсэргүүцжээ

Примор хязгаарын хууль тогтоох хурлын үеэр маргаан дэгджээ. Коммерсант агентлагийн мэдээлснээр, хурлын асуудал хэлэлцэх үеэр ОХУ-ын Коммунист намын фракцийн гишүүн Леонид Васюкевич “гишүүдийн бүлэг”-ээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандсан мэдэгдэл уншсан байна.
Энэ мэдэгдэлд Украин дахь цэргийн ажиллагааг зогсоох, тус улсын нутаг дэвсгэрээс Оросын цэргүүдийг гаргахыг шаардсан байжээ.
“Манай улс цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол улс орон дахь өнчин хүүхдүүдийн тоо улам нэмэгдэнэ гэдгийг бид ойлгож байна” хэмээн Васюкевич мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, Оросын Ерөнхийлөгчид хандсан энэ мэдэгдэлд Коммунист намын дөрвөн гишүүн гарын үсэг зурсан гэнэ.
Коммунист намын төлөөлөл болох энэ гишүүн ийнхүү дайн эсэргүүцэж мэдэгдэл хийсэн нь парламент дээр ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Примор хязгаарын засаг дарга Олег Кожемяко дайн эсэргүүцсэн Леонид Васюкевич болон түүнийг дэмжсэн Геннадий Шульга нарыг танхимаас гаргахыг шаардсан байна.
“Энэ үйлдэл нь нацизмтай тэмцэж буй Оросын арми болон манай хамгаалагчдыг гутааж байна. Урвагч” хэмээн Кожемяко мэдэгджээ.
Улмаар Леонид Васюкевич болон Геннадий Шульга нарын тухайн өдөр санал өгөх эрхийг хассан байна. Үүний дараа ОХУ-ын Коммунист намын фракцийн тэргүүн Анатолий Долгачев Леонид Васюкевичийн үйлдлийг намынхантайгаа зөвлөлдөөгүй хэмээн мэдэгдэж, хамгийн хатуу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ