Украины Херсон, Запорож мужид Оросын утасны дугаарыг нэвтрүүлж байна
2022-05-27

ОХУ Украин руу халдаж, энэ улсын тодорхой нутаг дэвсгэрийг хэсэгчлэн хяналтдаа оруулаад байгаа юм. Үүнийгээ "нацистуудаас чөлөөлөх" хэмээн нэрлэж байгаа бөгөөд хяналт тогтоосон газрууддаа Оросын дүрэм журмыг нэвтрүүлсээр байна. 

Өмнө нь Херсон мужид орос хэлийг төрийн хэлний статустай болгох, Запорож мужийг Москвагийн цагийн тоололд шилжүүлэх шийдвэр гарч байсан бол энэ удаад утасны кодыг Оросын кодоор солихоор болжээ. 


Крымийн тэргүүний мэдээллийн бодлогын зөвлөх Олег Крючковын мэдээлснээр, Херсон, Запорож мужуудын нутаг дэвсгэрт Украины "+380" гэсэн кодыг Оросын "+7" кодоор солихоор төлөвлөж байгаа гэнэ. Эдгээр бүс нутгуудад Оросын холбоо харилцааны операторууд салбараа байгуулж эхэлсэнтэй холбоотойгоор ийнхүү утасны код сольж байгаа гэнэ.

 

Түүний өгсөн энэ мэдээллийг Запорож мужийн Оросын талыг баримтлагч захиргааныхан ч баталсан байна. Интерфакс агентлагийн мэдээлснээр, Запорож мужид Оросын "+7" кодоор эхэлсэн утасны дугаар бүхий сим карт зарж эхэлсэн аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин