ОХУ рубль, төгрөгөөр тооцоо хийх саналыг Монголд тавина

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа " эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украин руу халдсанаас хойш барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж, энэ улсыг олон улсын SWIFT системээс салгасан нь гадаад гүйлгээ, тооцоо хийхэд хүндрэлтэй болсон юм. Энэ хүчин зүйл болон бусад шалтгааны улмаас үндэсний валютын ханшаа чангаруулах, тогтоон барих зорилгоор ОХУ хий нийлүүлдэг орнуудаа рублиэр тооцоо хийхийг тулгасан бол найрсаг харилцаатай Хятад зэрэг оронтой дотоодынхоо валютаар харилцан тооцоо хийхийг санал болгож байв. Ийм саналыг Монголд ч тавихаар болжээ.
Тодруулбал, үндэсний валют болох рубль, төгрөгийг харилцан тооцоондоо ашиглах саналыг Оросын удирдлага Монголд тавих эрмэлзэлтэй байгаа гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов "Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл" форумын үеэр мэдэгджээ.
"Доллар болон евро ашиглалгүйгээр харилцан тооцоондоо үндэсний валютаа ашиглах асуудал яригдаж байна. Энэ асуудлыг шийдвэл манай хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг эрс идэвхжүүлнэ. Оросын тал рубль-төгрөгийг тооцоондоо нэвтрүүлэх эрмэлзэлтэй байгаа. Оросын талаас холбооны хэмжээний удирдлагууд энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм" хэмээн Цыденов мэдэгджээ.
Түүний өгүүлснээр харилцан тооцоондоо үндэсний валют ашиглах саналыг Монголын тал тавьсан бөгөөд хариуг нь хүлээж байгаа гэнэ.
Буриадын тэргүүний онцолсноор, Оросоос Монгол руу бараа нийлүүлэхдээ төлбөрийг нь хожуу төлөх нөхцөлтэйгээр нийлүүлдэг, учир нь харилцан тооцоо хийх боломжгүй байдаг гэнэ. Ийм нийлүүлэлтийн өр нэмэгдсээр, харин нийлүүлэлт тасардаггүй аж.
"Монголын бизнес эрхлэгчид импортолсон барааны төлбөрөө ОХУ руу шилжүүлэхэд хүндрэл гарч байгаа талаар хэлдэг. Бид хоёр орны хоорондын төлбөрийн механизмын асуудлаа шийдэх ёстой" гэж Монголын ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн гэж Коммерсант агентлаг дамжуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ