Дайнд ихээр хохирогсод: Буриадуудыг Украинд байлдахыг уриалжээ
2022-05-30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш Украин руу халдаж эхэлсэн юм. Энэ дайнд үндэсний цөөнхүүд тэр дундаа буриадууд ихээр оролцож, амиа алдаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байгаа. Харин Буриадад энэ цэрэг татлагыг “эх орноо хамгаалах ариун үйлс” хэмээн нэрлэж байгаа бөгөөд буриадуудыг Украинд байлдахыг уриалжээ. 


Буриадын “Цэргийн ахан дүүс” төрийн бус байгууллага олон нийтийн сүлжээгээр дамжуулан Украин дахь “тусгай цэргийн ажиллагаанд” сайн дурын цэргээр оролцохыг оршин суугчдад хандан уриалжээ. Энэ талаар Буриадын “Номер один” сонин мэдээлсэн байна. 


“Гурван сарын туршид тусгай цэргийн ажиллагаа үргэлжилж байна. Неонацистууд, фашистуудтай хийж буй хүндхэн тулаан, дайн гурав дахь сардаа үргэлжилж байгаа юм. Дэлхий ертөнц бүхэлдээ, НАТО-ийн бүх орнууд Оростой тулалдаж байна. Тэдний зорилго бол манай улсыг сүйрүүлэх. Франц, Британи, Канад, Амщрикийн генералууд украинчуудад зөвлөгөө өгч, Америкийн талыг баримтлагч Украины дэглэм НАТО-ын орчин үеийн зэвсгийг хүлээн авч байна. Үүнийг хэн ч нуухгүй байгаа. Манай Буриадын залуус гайхалтаөй эр зориг гаргаж байгаа бөгөөд тэдний баатарлаг үйлсийг бид бүгд мэдэж байгаа билээ” хэмээн уриалгад өгүүлжээ.

 
Төрийн бус байгууллагын мэдэгдсэнээр одоо “Оросын арми амжилттай давшиж байгаа” гэнэ. 


“2,5 мянга гаруй нацист олзонд бууж өгсөн гэдгийг та бүхэн харсан. Украины зэвсэгт хүчин болон газар нутгийн хамгаалалтын дайчид зэвсгээ хураалгаж эхэлсэн. Одоо өрсөлдөгчийг нэг мөр дарах хэрэгтэй. Хүчирхэгжиж, тэднийг дахин толгойгоо өндийлгөх боломж олгохгүй байх хэрэгтэй. Бидэнд гагцхүү Ялалт хэрэгтэй” хэмээн төрийн бус байгууллага мэдэгджээ. 


Энэ байгууллагын мэдэгдсэнээр дайн эхэлснээс хойш Украин руу байлдахаар Буриадаас 250 сайн дурын цэрэг явсан гэнэ. 


Амиа алдсан цэргүүд 


ОХУ “төрийн нууц” гэсэн шалтгаанаар Украины дайнд амиа алдсан цэргүүдийн тоог зарлахгүй байгаа юм. Цэргүүдийн төрсөн нутаг, суралцаж байсан сургууль зэрэг цэргүүд нэгэнтээ харьялагдаж байсан байгууллага, орон нутгийн захиргаа л тэднийг амиах алдсан талаар өөрсдийн хуудсаараа дамжуулан мэдээлж байгаа. Харин дайн эхэлснээс хойш хичнээн цэрэг амиа алдсан талаар албан ёсны тоо гараагүй л байгаа юм. 


Хамгийн сүүлд Оросын Ерөнхий штаб гуравдугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл хийхдээ 1351 цэрэгр амиа алдсан гэж мэдэгдэж байв. Тэр үеэс хойш дайны хохирлоо огт зарлаагүй. Харин Их Британи Оросын 15 мянган цэрэг амиа алдсан гэж үзэж байгаа бол Украины тал Оросын бие бүрэлдэхүүний хохирлыг 30 мянгад дөхсөн хэмээн мэдэгдэж байна. 


Оросын эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнасан “Важные истории” хэвлэлийнхэн нээлттэй эх сурвалжуудаас амиа алдсан цэргүүдийн мэдээллийг цуглуулахад 2767 цэргийн үхэл баталгаажиж байгаа талаар мэдээлжээ. Энэ тоо нь Оросын армийн бодит хохирол биш, гагцхүү олон нийтэд ил болсон мэдээлэл гэдгийг эх сурвалж онцолжээ. 


“Важные истории” хэвлэлд гарсан тоон мэдээллээс харахад Украины дайнд хамгийн ихээр цэргээ алдсан бүс нутаг нь Бүгд Найрамдах Дагестан Улс байна. ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг, 3,1 сая хүн амтай энэ улсаас дайнд явсан цэргүүдээс 160 нь амиа алджээ. 


Харин нэг сая хүрэхгүй хүн амтай (shuud.mn: 982 629 хүн) Буриадаас дайнд мордсон цэргүүдийн 130 нь амиа алдсан нь хэвлэлүүдийн мэдээллээр батлагдсан байна. 


Буриад залуус дайнд ийнхүү амиа алдаж байгааг эсэргүүцсэн Буриадаас гаралтай залуус нэгдэн "Чөлөөт Буриад" нэртэй олон улсын, дайныг эсэргүүцэх сан байгуулсан талаарх мэдээлэл өнгөрсөн сард гарч байлаа. Энэ сангийнхан дайныг зогсоох, Кремлийн суртал ухуулгатай тэмцэх, буриадуудыг "Орос ертөнцийн гол хамгаалагч" гэдэг байдлаас салгах зэрэг хэд хэдэн зорилго дэвшүүлжээ.


Санг үүсгэн байгуулагчдын нэг, сэтгүүлч Гармажаповагийн өгүүлснээр Буриадын залуус мөнгө олохын тулд хойд зүг рүү ажиллахаар явах, эсвэл гэрээт цэргийн алба хаадаг, ингэснээр ипотекийн зээлд хамрагдаж, орон байртай болж чаддаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин
Бусдын дотоод хэрэгт бүү оролц, оркуудаа
2022-08-01
буриадуудыг устгах арга
2022-05-30
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-05-30
Дагестанд төрөлхийн сохоор хүнд цэргийн зарлан ирсэн гэсэн. Мөн Путин тушаал гарагж гэрээт цэргийн насны хязгаарыг байхгүй болгосон. Одоо 65 тай өвгөчүүл очиж байлдана гэж байна.
2022-05-30