Украины эзлэгдсэн нутгийн оршин суугчдыг Оросын паспорт авахгүй байхыг уриалжээ

Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт амьдарч байгаа оршин суугчдыг аль болох тэндээс хурдан явж, Оросын паспорт авахгүй байхыг Украины дэд сайд Ирина Верещук уриалжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
"Энэ бол дайн, магадгүй бидний төсөөлж байснаас ч удаан үргэлжлэх байх. Бид өөрсдийн нутгийг өгөхгүй. Түүний төлөө л тулалдаж байна, газар нутгаа эргүүлээд авна. Тиймээс энэ дайн бидний төсөөлж байснаас ч их цус урсгах байх" хэмээн Верещук мэдэгдсэн байна.
Тиймээс, түр хугацаанд эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр амьдарч буй хүмүүсийн өмнө нутагтаа үлдэж, Оросын паспорт авах гэсэн хүндхэн асуудал тулгарна гэж Верещук мэдэгджээ.
"Украин хяналтдаа байлгаж байгаа нутаг руу яв. Энэ амаргүй гэдгийг мэдэж байна, гэхдээ арга зам, боломж хай. Эцсийн эцэст таны болон таны хүүхдүүдийн хувь тавилан, аюулгүй байдлын асуудал яригдаж байна" хэмээн Верещук мэдэгджээ.
Түүнчлэн, Оросын паспорт авахгүй байхыг уриалсан байна. Оросын иргэн болсноор үр ашиг гэхээсээ илүү гай зовлон болно гэж Верещук анхааруулжээ.
Энд дуулгахад, ОХУ Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн оршин суугчдад Оросын паспорт олгохоор бэлдэж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байлаа. Тодруулбал, Украины Запорож болон Херсон мужийн оршин суугчид Оросын иргэншил авах журмыг хялбаршуулсан тушаалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ