ОХУ-ын эсрэг хориг: Газрын тосонд хэсэгчилсэн хориг тавьж, Сбербанкийг SWIFT-ээс салгав
2022-05-31

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украин руу дайрснаас хойш олон улсын зүгээс Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсаар байгаа юм. Оросын эсрэг хориг энэ улсын төрөл бүрийн салбарыг хамарсан ч мөнгөний гол эх үүсвэр болох эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтэд Европын холбоо хориг тавьж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ нь Европын олон улс орон Оросын байгалийн хий, газрын тосноос ихээхэн хамааралтай байдагтай холбоотой юм. 

 

Харин даваа гарагийн үдэш Европын холбооны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээний зургаа дахь багцыг баталж, Оросын газрын тосны импортод хэсэгчилсэн хориг тавьж, Сбербанкийг SWIFT сүлжээнээс салгахаар болов. 


“Оросоос нийлүүлэх газрын тосны гуравны хоёрт хориг тавьсан. Ингэснээр Оросын дайныг санхүүжүүлэх асар том эх үүсвэрийг танаж байгаа юм. Энэ бол дайныг зогсоох зорилготой, Орост үзүүлж буй дээд зэргийн дарамт шахалт” хэмээн Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Твиттер хуудсандаа бичжээ. 


ВВС агентлагийн мэдээлснээр, ЕХ-ны хоригт далайн тээврээр нийлүүлэх газрын тос багтаж байгаа аж. Харин одоогоор “Дружба” газрын тосны хоолойгоор дамждаг импортыг хоригт оруулахгүй байхаар шийдсэн бөгөөд энэ хоолойгоор дамжин нийлүүлэх газрын тосноос Унгар улс ихээхэн хамааралтай байдаг. Чухамхүү энэ улс Оросын эсрэг энэ төрлийн хориг тавихыг эсэргүүцэж байлаа. 


Гэхдээ газрын тосны хоолойгоор дамжих Оросын импортыг хориглох эсэх нь цаг хугацааны асуудал гэж Шарль Мишель мэдэгджээ. 


Сбербанк SWIFT-ээс салгагдав 


ЕХ-ны орнууд Оросын томоохон банк болох Сбербанкийг банк хоорондын төлбөрийн систем болох SWIFT-ээс салгахаар тохиролцлоо. Үүний зэрэгцээ Оросын төрийн гурван хэвлэл мэдээллийн байгууллагыг Европын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. 
Өмнө нь, дайн эхэлсний дараахан буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр ЕХ, АНУ, Их Британи, Канад хамтарсан мэдэгдэл гаргаж, Оросын долоон банкыг SWIFT-ээс салгасан юм. 

 

SWIFT гэж юу вэ


- Society for Worldwide Interbank Financial Telecommunication (SWIFT) гэдэг нь дэлхийн улс орнуудын банкуудын хоорондын гуйвуулга, төлбөрийн гүйцэтгэлийн тухай мэдээлэл солилцох систем, олон улсын байгууллага юм. 
 
- Энэ систем нь асар өргөн цар хүрээтэй бөгөөд өдөр бүр дэлхий даяар олон мянган санхүүгийн байгууллагуудаас ирсэн 40 сая гаруй мэдээллийг боловсруулдаг аж. 
 
- Гүйлгээ бүрээс SWIFT ойролцоогоор 1-2 хувийн шимтгэл авдаг.
 
Оросыг SWIFT-ээс салгаснаас үүдэлтэй үр дагавар 
 
- Оросоос гадаадын данс руу мөнгө шилжүүлэхэд хүндрэл учирж, өөр арга зам хайхаас аргагүй болно. 
 
- Зуучлагч хэлбэрээр ажиллах, хилийн чанад дахь зээлийн байгууллагуудад харилцах данс нээх нь Оросын банкууд асуудлыг шийдэх боломжит хувилбар гэж шинжээчид үзэж байна. 
 
- Бизнес эрхлэгчид хилийн чанад дахь түншүүдтэйгээ тооцоо хийхэд хүндрэлтэй, эцсийн хэрэглэгчид гадаа улс орон руу мөнгө шилжүүлэх төвөгтэй болно. 
 
- Банкны гуйвуулга саатсанаар эдийн засгийн бүхий л салбар дахь бараа нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаж болзошгүй бөгөөд нэн тэргүүнд импорт хомстолд орж магадгүй талаар шинжээчид анхааруулжээ.
 
- Бараа нийлүүлэлтэд хүндрэл гарснаар үнэ, доллар, еврогийн ханшны өсөлтөд нөлөөлж болзошгүй. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Маш гоё. Одоо оросууд хамраараа газар хатгалаа. Их сэхээд байсан, сүүлийн банкийг нь swift-ээс салгачихаар чёмодантай мөнгөө бариад явж дээ.
2022-05-31
нутгаа олдаад л ялаад байгааг мэдээгүй юү
2022-05-31
Украйн ялна
2022-05-31
нутгаа олдаад л ялаад байгааг мэдээгүй юү