Сергей Глазьев: Бид Монголыг Ази дахь гол түнш гэж үздэг

Монгол Улс Ази дахь Оросын гол түнш гэсэн байр суурийг Евразийн эдийн засгийн комиссын Интеграци, макро эдийн засгийн сайд Сергей Глазьев илэрхийлжээ. Тэрбээр ийм мэдэгдлийг Улаан-Үд хотноо тавдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болсон Орос-Монголын форумын үеэр хийсэн гэж Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ форумын үеэр хоёр орны хамтын ажиллагааны төслүүд болон хэтийн төлөвийг хэлэлцсэн байна. Тэр дундаа Орос, Монголын гадаад эдийн засгийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлууд, аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх, барилгын салбарт хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцжээ.
Форумын үеэр сайд Сергей Глазьев мэдэгдэл хийхдээ Евразийн эдийн засгийн комисс 2015 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан анхны орон нь Монгол Улс гэдгийг онцолсон байна. Тэр үеэс хойш ЕАЭЗХ болон Монголлын хооронд эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэх ажлын хэсэг өнөө хүртэл ажиллаж байгаа хэмээн Глазьев мэдэгджээ.
"Бид Монгол Улсыг Ази дахь гол түнш гэж хардаг. ЕАЭЗХ болон Монголын Засгийн газрын 2025 он хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд бидний худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх шинэ ололт, боломжуудыг тусгаасай гэж хүсэж байгаа" хэмээн Сергей Глазьев мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Буриадын Улаан-Үд хотод болсон Орос, Монголын форумын хүрээнд үзэсгэлэн худалдаа болж, хоёр орны бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчдад санал болгох боломжоо танилцуулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ