Эрээн хотод халдвар бүртгэгдэж, хатуу хөл хорио тавилаа
2022-06-02

ӨМӨЗО-ны Эрээн хотын коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штаб тус хотод халдварын дөрвөн тохиолдол илэрч, хөл хорио тогтоохоор болсон талаар зургадугаар сарын хоёрны өдөр мэдэгдсэнийг finance.sina.com дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, COVID-19-ийн дөрвөн тохиолдол илэрсэн тул халдвар дамжих сувгуудыг хаах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүднээс Эрээн хотод хатуу хөл хорио тогтоохоор болсон байна. 

 

Ингэснээр хот даяар хөл хорьж, хүмүүсийг гэрээсээ гарахыг хоригложээ. Түүнчлэн хот руу орох, гарах бүхий л замууд дээр хатуу хяналт тавьж, Эрээн хотоос гарах, энэ хот руу нэвтрэхийг хатуу хориглосон байна. Гагцхүү нэн шаардлагатай ажил үйлчилгээ эрхлэх байгууллагын ажилтнууд орон нутгийн захиргаанаас зөвшөөрөл авсны дараа хөдөлгөөнд оролцох боломжтой аж. Мөн хөл хорио тогтоох хүрээнд нийтийн тээврийг бүрэн зогсоожээ. 

 

Хотод хатуу хөл хорио тавьсан тул супермаркет, эмийн сан, эмнэлгийн байгууллагаас бусад бүх байгууллагын үйл ажиллагааг хоригложээ. Түүнчлэн бага болон дунд сургуулиуд, хүүхдийн цэцэрлэгүүд цахим сургалтад шилжиж, төрийн байгууллагууд, бусад байгууллагууд цахимаар ажиллаж, оршуулгын ёслолыг цөөн хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах шийдвэр гарсан байна.

 

Эрээн хотод гаргасан шинжилгээнд хамрагдахаас татгалзсан, тусгаарлалтаас дур мэдэн гарсан зэрэг хөл хорионы журмыг зөрчсөн, цуу яриа тараасан зэрэг тохиолдол гарвал хатуу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан байна.

 

Эрээн хотод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор зургадугаар сарын хоёрны 07.00 цагаас эхлэн бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ. Харин энэ хотод тогтоосон хөл хорио хэр хугацаанд үргэлжлэх талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин