Британи Украинд шуурган галын тийрэлтэт систем өгнө

Британи улс Украинд М270 шуурган галын тийрэлтэт систем нийлүүлэхээр болжээ. Энэ талаар Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгдсэнийг CNN агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ алхам нь Украинд HIMARS систем нийлүүлэх АНУ-ын шийдвэртэй "нягт уялдаа холбоотой" гэж Британийн Засгийн газар мэдэгдсэн байна. Түүнчлэн энэхүү шуурган галын системийг хэрхэн ажиллуулахыг Украины цэргүүдэд заах аж.
"Оросын тактик өөрчлөгдөхийн хэрээр Украинд үзүүлэх манай дэмжлэг ч өөрчлөгдөх ёстой. Эдгээр өндөр үр дүнтэй, шуурган галын тийрэлтэт системүүд нь Путиний цэргүүд хот сууринг сөнөөхөд ашиглаж буй алсын тусгалт артиллерийн довтолгоог няцаахад тусална" хэмээн Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгджээ.
Үүнээс өмнө, АНУ Украинд HIMARS пуужингийн артиллерийн систем зэргийг багтаасан аюулгүй байдлын шинэ багц тусламж олгохоор болсныг Ерөнхийлөгч Жо Байден зарласан юм. Хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ артиллерийн системийг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглахгүй гэсэн улс төрийн нөхцөлтэйгээр Украинд олгож байгаа аж.
Энд дуулгахад, М270 систем нь 1980 онд бүтээгдсэн. Энэ системийг бүтээхэд 10 жил судалгаа хийсэн бөгөөд судалгааны ажилд АНУ-аас гадна Их Британи, Герман, Францын компаниуд ч оролцож байв. Тиймдээ ч М270 системийг боловсруулж дууссаны дараа судалгаанд оролцож байсан эдгээр орнуудад нийлүүлж байжээ.
М270 систем нь 12 пуужинтай, галыг удирдах электрон системтэй. Анхны систем 1983 онд АНУ-ын зэвсэглэлд оролцож байсан бол Иракт 1991 онд "Цөлийн шуурга" ажиллагааны үеэр ашигласан нь системийг анх удаа байлдааны нөхцөлд ашигласан тохиолдол байв. Энэ системийн гол давуу тал нь алсын тусгал, хүчин чадал нь бол замгүй газраар зөөвөрлөхөд хүндрэлтэй, хамгаалалт муутай зэрэг нь сул тал нь болдог гэж зэвсгийн шинжээчид онцолдог юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ