С.Амарсайхан: Эмээлт дэх мах боловсруулах 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон

Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудлаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын хуралдаанаар мах бэлтгэл үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 32 аж ахуй нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. БНХАУ-руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас мэдээлсэн. Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тавдугаар сарын 10-наас эхлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын газар мах боловсруулах үйлдвэрүүдэд хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дэх махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, лацадсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
...Мах экспортлох үйл ажиллагаа явуулж байгаа, дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийх, стандартад нийцэж байгаа эсэхийг нягталж шалгана. Зохих арга хэмжээнүүдийг авна.
Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас гадна нийт хүн амын хүнсний хэрэглээнд энэ төрлийн шаардлага хангаагүй мах махан бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн эсэх талаар байнга мэдээлэл авч байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох байгууллагаас дотоодын хүнсний үйлдвэрлэлд ашиглагдахгүй байгаа гэх мэдээлэл өгч байгаа. Төр хяналтаа тавьж байгаа. Гэхдээ алдаатай, асуудалтай зүйлүүд их байна" гэж мэдээллээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ