ОХУ-д бараа бүтээгдэхүүний нэр төрөл хомстож байна

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн эхлүүлсний улмаас барууны орнууд төрөл бүрийн хориг тавьж, энэ улсын импорт эрс буурч эхэлсэн юм.
Улмаар импорт буурсны улмаас дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний нэр төрөл хумигдах болсон талаар NielsenIQ судалгааны компанийн тайланд өгүүлжээ. Судалгааны тайланд өгүүлснээр, хүнсний бус бараа бүтээгдэхүүний дундаас хамгийн их нэр төрөл хомстсон бараа нь угаалгын нунтаг, ахуйн ариун цэврийн хэрэгсэл, сав суулга угаагч шингэнүүд байгаа гэнэ. Харин хүнсний барааны дундаас лаазалсан мөөг, ургамлын тос, йогуртны нэр төрөл эрс буурчээ.
Nielsen компанийн тооцоолсноор, гуравдугаар сарын 21-нээс тавдугаар сарын нэгний хооронд ахуйн химийн бүтээгдэхүүн, бие арчилгааны бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22,9 хувиар буурсан байна. Тэр дундаа угаалгын нунтаг нэр төрөл нь 32,7 хувиар, хувийн ариун цэврийн хэрэгсэл 31,8 хувиар, харин аяга таваг угаагч бүтээгдэхүүнүүд 31,2 хувиар нэр төрөл нь буурчээ.
Шинжээчдийн онцолсноор, хүнс болон хүнсний бус гээд нийт 155 төрлийн барааны нэр төрөл хомстолд орсон байна. Харин гурваас дөрөвдүгээр сард 12 төрлийн барааны нэр төрөл өргөжсөний дунд эрч хүчний ундаа, согтууруулах ундааны коктейль, жин багтаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ