Хойд Солонгос хоногт 96 мянган халдварын тохиолдол илэрчээ
2022-06-02

Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд нутагт нь халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байсан БНАСАУ-ын эрх баригчид халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар анх энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдэгдэж байв. Хойд болон Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, БНАСАУ-д дөрөвдүгээр сараас хойш "үл мэдэгдэх өвчний халдвар" тархаж эхэлсэн гэх бөгөөд энэ өвчнийг "чичрэг өвчин" гэж нэрлэж байгаа юм. Хойд Солонгос "чичрэг өвчин" гэж нэрлэж байгаа халдвар нь чухамхүү COVID-19 гэж олон улсын шинжээчид үзэж байгаа. 

 

Энэ улсад ийнхүү дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн энэ халдвар дэгдсэнээс хойш өдөр бүр олон мянган халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Өнгөрсөн хоногт гэхэд л 96 610 тохиолдол илэрсэн гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлагаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Ингэснээр нийт халдварын тохиолдол 3,83 саяд хүрсэнээс 3,66 сая нь эдгэрч, 165 мянган хүн эмчлүүлж байгаа аж. Өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй, харин энэ өвчний улмаас нас барсан нийт тохиолдол 70 байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин