Украины Херсон муж Оросын бүрэлдэхүүнд орох санал хураалт явуулна

Оросууд дайн эхлүүлснээр хяналтаа тогтоосон, Украины Херсон мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах тухай санал хураалт болох гэнэ. Энэ талаар тус мужийн цэрэг-иргэний захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдэгдсэнийг Известия дамжуулжээ.
Херсон мужид Оросын иргэншил авах баримт бичгийг хүлээн авах боломжтой болсон талаар зургадугаар сарын зургааны өдөр энэ мужийн цэрэг-иргэний захиргааны тэргүүн Владимир Сальдо мэдэгдэж байв. Зургадугаар сарын дөрөвний өдөр гэхэд л 1,5 мянган хүн Оросын паспорт авах хүсэлт гаргасан гэж Херсон мужийн захиргааныхан мэдэгджээ.
Энэ мужид Оросын цэргүүд хяналтаа тогтоосон бөгөөд өдрөөс өдөрт мужийг Оросын бүрэлдэхүүнд багтаах ажлыг хийж байгаа юм. Оросын тал Херсон мужийг "чөлөөлсөн" хэмээн мэдээлж байгаа бөгөөд энэ мужид Оросын паспорт тараахаас өмнө орос хэлийг төрийн хэлний статустай болгох, Оросын өдрийг тэмдэглэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ