Зеленский: Украины тал давших боломжгүй болсон, өдөрт л 100 цэрэг амиа алдаж байна

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тухай тушаалд гарын үсэг зурснаар өнөөгийн, Орос, Украины хоорондын дайн эхэлсэн. Тэр үеэс хойш Оросын цэргүүд Запорож, Херсон мужуудад хяналтаа тогтоож, цааш давшиж байгаа бол Украины хувьд давших нь хэт өндөр үнэ цэнтэй, хохирол ихтэй байгаа талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Донбасс дахь артиллерийн буудалцааны улмаас өдөрт л 100 цэрэг амиа алдаж байгаа гэнэ.
Украина улс дорнод хэсэгт гарах гарцгүй болсон тул давших боломжгүй болсон, энэ нь байж болшгүй хэрэг хэмээн Зеленский мэдэгджээ.
"Зэр зэвсгийн тухайд бид дутагдалтай байна. Тиймээс давших боломжгүй. Бид давшсанаар их хохирол амсаж байгаа. Миний хувьд хүмүүс бол нэгдүгээрт" хэмээн Зеленский "Financial Times" сонины редакц зохион байгуулсан хурлын үеэр мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр, өнөөгийн дайнд Украины өвөрлөж буй зорилго нь нутаг дэвсгэрээ ОХУ-ын цэргүүдээс бүрэн чөлөөлөх явдал хэдий ч Украины дорнод хэсэг дэх, өөрсдийгөө тунхагласан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсын хил рүү дайснуудаа буцаах нь ч "түр хугацааны томоохон ялалт" болно хэмээн онцожлээ.
Үүний зэрэгцээ "байлдааны талбарт ялалт байгуулах нь чухал" хэмээн Зеленский онцолсны дээр Владимир Путинтэй шууд хэлэлцээр хийхэд бэлэн хэмээн Зеленский мэдэгджээ.
Энэ удаагийн мэдэгдэлдээ Зеленский "Украиныг өөрийг нь оролцуулахгүйгээр" Украины нутаг дэвсгэр дээр эвлэрэлд хүрэхийг хичээж байгаа барууны зарим орнуудыг дахин шүүмжилсэн байна.
"Барууны зүгээс Украины тусгаар байдлыг тогтвортой дэмжих нь чухал. Украины ар хударгаар хэлэлцээ хийж огт болохгүй. Украины байр суурийг сонсохгүйгээр Украинд яаж гал зогсоох юм бэ?" хэмээн Зеленский мэдэгджээ.
Сүүлийн үед АНУ тэргүүтэй барууны орнууд Украин руу шинэ үеийн зэвсэг ихээр нийлүүлэх болсон. Украинд зэвсэг нийлүүлэн, ингэснээр Оросыг хэлэлцээрийн ширээний ард суулгахыг шахах гэсэн барууны орнуудын тактик нь төдийлөн хангалттай биш хэмээн Зеленский үзэж байгаа аж. Түүний бодлоор, Оросоос газрын тос, хий худалдан авахгүй, энэ төрлийн бүтээгдэхүүнд бүрэн хориг тавих нь өнөөгийн нөхцөл байдлыг намжаах гол аргын нэг гэнэ.
Түүнтэй ижил байр суурийг өмнө нь зарим улс орон илэрхийлж байлаа. Хэдийгээр Оросыг түүхэнд байгаагүй их хэмжээний хоригт оруулсан ч байгалийн хий, газрын тосны экспортод нь хориг тавиагүйн улмаас энэ улс дайнаа санхүүжүүлэх боломжтой хэвээр байна гэж олон орны тэргүүн шүүмжилж байв. Гэсэн ч Оросоос нийлүүлдэг эрчим хүчний түүхий эдээс ихээхэн хамааралтай барууны орнууд хориг тавих тал дээр гурван сар орчмын хугацаанд эргэлзсэний эцэст өнгөрсөн сарын сүүлээр шийдвэр гаргаж, Оросын газрын тосонд хэсэгчилсэн хориг тавихаар болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ