Эрүүгийн цагдаагийн албанаас Эм Ди Си Пи ХХК-ийг шалгаж эхэллээ
2022-06-08

Эрүүгийн цагдаагийн албанаас БНХАУ-ын иргэний эзэмшлийн Эм Ди Си Пи ХХК-ийг шалгаж эхэллээ.

 

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн Эмээлтэд байрлах махны үйлдвэрийг битүүмжилж, зөрчлийн хэрэг нээн шалгасан юм. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хийсэн шинжилгээгээр тус үйлдвэрийн маханд нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, үйлдвэрт ашиглаж байсан гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа дууссан цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнээс Формальдегид бодис илэрсэнээр уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж, хуулийн байгууллагад шилжүүлж байна.

 

Эрүүгийн цагдаагийн алба уг хэргийг өчигдөр хүлээн авч, мөрдөн шалгаж эхэллээ. Тус газраас өчигдөр Эм Ди Си Пи ХХК-ийн оффис, захирлын гэр, ХКҮ компанийн оффист нэгжлэг хийсэн байна. ХКҮ компани нь Мах импекс компанийн хашаанд байрладаг аж. Өчигдөр Мах импекс компанид нэгжлэг хийгээгүйг цагдаагийн байгууллагаас онцолж байна.

 

Цагдаагийн байгууллага уг хэрэгт эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, химийн хортой аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Ингэхдээ:

 

-Мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн лабораторийн дүгнэлттэй холбоотой нарийн шалгалтуудыг хийнэ.

 

-Мах экспортлох зөвшөөрөлгүй Эм Ди Си Пи компани дулааны аргаар мах боловсруулсан шалтгааныг шалгаж тогтооно.

 

-Мах экспортлох зөвшөөрөлгүй Эм Ди Си Пи компанийн агуулахад дулааны аргаар мах экспортлох зөвшөөрөлтэй ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцаг буюу 96 тонн мах байсан учир шалтгааныг шалгаж тодруулна гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.  

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин