NYT: АНУ-ын эрх баригчид Украины армийн хохирол, ялагдлын талаар мэдэхгүй байна

АНУ-ын эрх баригчид Украины армийн төлөвлөгөө, түүний хохирол, фронт дээрх бодит байдлын талаарх бүрэн дүүрэн мэдээлэл авахгүй байна гэж Америкийн New York Times сонин Америкийн тагнуулаас авсан эх сурвалжтайгаар бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины цэргийнхэн АНУ-д нууц мэдээллүүдээ төдийлөн өгөхгүй байгаа бол Америкийн тагнуул бүхий л хүчин чармайлтаа Украин зэрэг холбоотнууддаа биш харин Оросын зүг чиглүүлсэн гэнэ. Мөн Украин хэр хэмжээний тусламж авч чадах талаарх дүгнэлт хэлэхэд тун хүнд, үнэндээ Украинаас илүүтэйгээр Оросын талын мэдээлэл л их байна гэж Америкийн үндэсний тагнуулын газрын дарга Эврил Хэйнс мэдэгдсэнийг NYT иш татжээ.
Нийтлэлд өгүүлснээр, Украин Оросын эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрийг эргүүлэн авахад тун хүнд, зарим тохиолдолд бүр боломжгүй ч байж мэднэ гэж Европын зарим тагнуулын агентлаг үзэж байгаа гэнэ. Хэдийгээр Америкийн тагнуулын агентлагууд нөхцөл байдал муугаар дуусна гэж бодохгүй байгаа ч тодорхой дүгнэлт хийхэд шаардлагатай бүх мэдээллийг авч чадахгүй байгаа гэж NYT-д мэдээлэл өгсөн эх сурвалжууд онцолжээ.
"Бид Украины талаар үнэндээ тийм ихийг мэдэж байгаа юу? Украин үнэн хэрэгтээ хичнээн цэргээ алдсан, хичнээн техникийн хохирол амссан гэдгийг итгэл төгс хэлчих ядаж ганц хүнийг бид олж чадах уу?" хэмээн тагнуулч асан Бет Саннер NYT сонинд ярьсан байна.
Энэ нийтлэлд өгүүлснээр, Украин улс АНУ-тай гагцхүү ерөнхий стратегийн зорилтуудынхаа талаарх мэдээллийг хуваалцаж байгаа, харин тулааны талбар дахь үйл ажиллагааны бодит төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ. Ингэснээр Америкийн тагнуул Украинд ажиллаж байгаа бусад орнуудаас мэдээлэл авч, Украины цэргүүдийг сургах явцдаа мэдээлэл цуглуулж, зарим тохиолдолд Ерөнхийлөгч Владимир Зеленскийн олон нийтэд хандсан мэдэгдлийг судлахаас аргагүй болж байгаа гэнэ.
"Украин өөрийгөө олны өмнө болон ойрын түншүүдийнхээ өмнө хүчтэй болгон харагдуулахыг хүсэж байна. Шийдэмгий байдал нь суларсан гэдгийг илтгэх мэдээллийг хуваалцах эсвэл ялж чадахгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг Украин хүсэхгүй байна. Эндээс харахад Украины албан тушаалтнууд АНУ болон бусад барууны түншүүдээ зэвсэг нийлүүлэхээ саатуулахад хүргэхүйц мэдээллийг өгөхийг хүсэхгүй байгаа нь илт" хэмээн New York Times сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд онцолжээ.
Харин Колумбийн их сургуулийн профессор Стивен Биддлийн үзэж байгаагаар Украин хохирлынхоо талаарх мэдээллийг задлахгүй байх үндэслэл бий гэнэ. Учир нь Украин хохирлоо зарлавал энэ нь Оросын талд ашигтайгаар тусна гэж профессор үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ