Украины Херсон муж ОХУ-д нэгдэх санал асуулга энэ онд болно

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "Донбассыг хамгаалах тусгай цэргийн ажиллагаа"-г эхлүүлэхдээ "гагцхүү Украиныг цэрэггүйжүүлэх, нацистуудыг үгүй болгох зорилготой, харин Украиныг эзлэх бодолгүй" хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч Украины хот тосгод руу довтолж, зарим бүс нутгийг эзлэн, хяналтдаа оруулаад байгаа юм. Улмаар Украины нутгийг эзлэн түрэмгийлэх ажлаа лавшруулж, Оросын тал хяналтаа тогтоосон мужуудад ОХУ-д нэгдэх санал асуулга явуулахаар зэхэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тухайлбал, Херсон муж Орост нэгдэх санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл гарсан бөгөөд ийм санал асуулгыг энэ онд багтаан явуулах гэнэ. Ийм мэдэгдлийг Оросын талаас томилсон, цэрэг-иргэний захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ.
Өмнө нь энэ талаарх мэдээлэл гарч байсан ч санал асуулгын тов тодорхойгүй байсан юм. Харин энэ удаад "Олон нийтийн санал асуулгыг энэ онд багтаан явуулахаар төлөвлөж байна. Холбогдох шийдвэр гарсан" гэж Стремоусов мэдэгджээ.
Энд дуулгахад, Херсон болон Запорож муж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Украины нутаг дэвсгэрийн хэсэг. Тиймээс энд "олон нийтийн санал асуулга" явуулсан ч энэ нь хууль ёсныхд тооцогдохгүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ