Канад улс Оросын газрын тос, хийн салбарын эсрэг хориг тавилаа

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсанаас хойш барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьж, хоригийн жагсаалтаа улам өргөжүүлсээр байгаа юм. Энэ удаад Канад улс Оросын эсрэг шинэ хориг тавьж байгаагаа зарлалаа.
Тодруулбал, Оросын газрын тос хий, химийн үйлдвэрт зориулсан үйлчилгээ үзүүлэхийг хориглохоор болсон талаар Канадын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг "Америкийн дуу хоолой" станц дамжуулсан байна.
"Шинэ хязгаарлалт нь техникийн засвар үйлчилгээ, менежмент, нягтлан бодох бүртгэл, зар сурталчилгаа зэрэг газрын тос, хий, химийн салбарын хувьд нэн чухал 28 төрлийн үйлчилгээнд хамаарна" хэмээн Канадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн эдгээр салбар нь Оросын төсөвт орох орлогын 50 орчим хувийг хангадаг гэдгийг онцолсон байна. Тиймээс энэ салбарт тавьсан хоригийн дүнд орлого нь буурснаар Орос Украинд "цэргийн ажиллагаа явуулах боломж нь ч буурна" гэж Канад үзжээ.
Энд дуулгахад, Украинд дайн эхэлснээс хойш Канад улс Орос, Беларусийн 1070 хувь хүн, байгууллагын эсрэг хориг тавьсан байна. Үүнээс өмнө, ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотойгоор Канад улс Оросын 1,5 мянган хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хориг тавьж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ