ОХУ дахь Volkswagen салбар ажилтнуудаа сайн дураар халагдахыг санал болгожээ
2022-06-09


Орос дахь Volkswagen салбар компани Нижний Новгородод ажилладаг ажилтнуудаа энэ сард багтаан сайн дураар ажлаасаа халагдаж, улмаар зургаан сарын цалингаа авахыг санал болгожээ. Энэ талаар Коммерсант мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын 17-ны өдрөөс өмнө хөдөлмөрийн гэрээгээ цуцлах санал гаргавал зургаан сарын цалин, зургадугаар сарын 29-ний дотор өргөдөл гаргавал таван сарын цалин олгоно хэмээн компанийн удирдлагууд амалсан байна. 

 

Энэ мэдээллийг Volkswagen- ий салбар компани баталсан бөгөөд ажилтнуудад санхүүгийн нөхөн төлбөрөөс гадна 2022 оныг дуустал эрүүл мэндийн даатгалыг нь төлөх, хувьдаа ашиглаж байсан компьютер тоног төхөөрөмжийг олгохоор болсон хэмээн онцолжээ.

 

Орос дахь Volkswagen салбар компани барууны хоригуудын улмаас гуравдугаар сарын гуравны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон юм. Энэ үйлдвэрт ГАЗ машин үйлдвэрлэдэг бөгөөд энэ машины эсрэг АНУ хориг тавьсан тул үйл ажиллагаа эргэн сэргэх нь бүрхэг байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин