Монгол Улсын хилийн дагуу ногоон хэрэм байгуулна
2022-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Хил хамгаалах байгууллага нэгдэж “Баянчандмань мод үржүүлгийн агропарк”-ийн нээлтийг хийлээ. Хил хамгаалах байгууллага Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж байгаагийн эхлэл нь тус агропарк юм. Нарс, шинэс, улайс, хайлаас, бургас, үхрийн нүд зэрэг 13 нэр төрлийн 200.000 гаруй модны суулгац, үрийн тариалалтаар 130.000 орчим үрсэлгээг бэлтгэн ургуулж байна. Цаашид Хил хамгаалах байгууллагын мод үржүүлгийн агропаркийн төвүүдийн  үйл ажиллагааг өргөжүүлэн жилд дунджаар 1,5-2.0 сая модны үрсэлгээ бэлтгэж, дэвшүүлсэн зорилтод түвшинд хүрэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.

 

 

Энэхүү агропаркаас бойжсон модыг тал хээрийн бүсийн хил хамгаалалтыг нягтаршуулах, байгалийн гамшигт үзэгдэл цас, бороо, шороон шуурга, элсний нүүдлээс мал, амьтныг хамгаалах зорилгоор хилийн хэсэгт 6,9 сая модыг 960 га талбайд тарьж, ойн зурвас бүхий хамгаалалтын ногоон хэрэм байгуулах, анги салбар, боомтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүсийн булаг шанд бүхий баянбүрдийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаанд зориулах юм.

 

Агропаркийн нээлтийн үеэр “УБТ гарден” ХХК-ийн захирал Б.Нямболд “Ногоон хэрэм” төсөлд нэгдэж нэг сая модны суулгацыг үнэ төлбөргүй өгөхөө мэдэгдэж, ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнтэй гэрээг үзэглэлээ.

 

 

Хилчид мод үрсэлгээг суулгаж тариалаад орхих биш арчилгаа тордолгоог хамгийн чухлыг тооцож 3000 гаруй гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг анхан шатны сургалтад хамруулан “Ойжуулагч” мэргэшлийг эзэмшүүлж эхлээд байна.

 

 

Хил хамгаалах байгууллага хилийн дагууд мод тарьж, ногоон хэрэм байгуулахад шаардагдах 16 сая модыг хангахын тулд хилийн цэргийн 24 ангид “Мод үржүүлгийн төв”, 5 ангид мод үржүүлгийн агропарк байгуулж, мэргэжлийн агрономич ажиллуулж, ойн мэргэжилтнүүдээс заавар зөвлөгөө авч хамтран ажиллаж байгаа юм.

 

 

Хил хамгаалах байгууллага сүүлийн 3 сарын хугацаанд хилийн 28 анги, 1 тусгай салбарт мод үржүүлгийн 5 агропарк, 24 төв байгуулаад байна 17 нэр төрлийн 500,000 орчим ширхэг модны үрсэлгээ, суулгацыг биетээр суулган, үрийн тариалалт хийж дунджаар 200,000 орчим модны үрсэлгээ бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийт 700,000 орчим мод болон үрсэлгээг бойжуулж байна. 

 

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-той хамтарч 50 гаруй сургагч багш бэлтгэсэн. “UBT гарден” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 6000 ширхэг хайлаас, шар хуайс модны суулгацыг Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар аймаг дахь хилийн цэргийн ангиудад хүлээлгэн өгч, тариалалтыг зохион байгуулсан.  


 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Мод тарина гэж түүнийг услаж арчилж байж ургадаг эд. Анх удаа мод тарих гэж байгаа биш дээ. Ургахгүй тэр хил дээр чинь ямарч амьтан байхгүй хэн усалж тордох юм. зүгээр л мөнгө угаах гэсэн санаа. Хий дэмий мод борцолж, баахан хүний хөдөлмөр зүтгэл барсан ажил болно.
2022-06-12
Ха ха:
Өргөстэй мод тариарай даа
2022-06-11