Украины эсрэг дайн эдийн засгийг сааруулж, буурай орнууд хямралд өртөнө
2022-06-13


Орос улс Украин руу халдсан нь дэлхий дахин цар тахлын хямралын дараа дахин сэргэхэд саад болж, үүнээс үүдсэн алдагдсан боломж зөвхөн энэ онд гэхэд л нэг их наяд доллараар хэмжигдэж байна. Энэ хямралаас үүдэн чинээлэг бус орнууд, тэр дундаа Орос улс ч ихээхэн хохирол амсана гэж дэлхийн тэргүүлэгч хоёр хүрээлэнгийн эдийн засагчид таамагласныг ВВС дамжуулжээ. 

 

Дэлхийн банк болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын чинээлэг орнуудын клуб хагас жилийн таамаглалдаа дэлхийн эдийн засаг дахин хямралд өртөх  магадлал маш өндөр хэмээн онцолжээ. 


"Украины эсрэг өдүүлсэн Оросын дайны маш өндөр төлөөсийг дэлхийн дахин төлнө. Хоёр жилийн цар тахлын дараа арай гэж сэргэж эхэлж байгаа эдийн засагт дайн хүнд цохилт өгнө. Буурай орнууд бусад улс оронтой харьцуулахад илүүтэй хохирол амсах нь мэдээж” хэмээн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайланд өгүүлжээ.

 

 Дайны үнэ цэн 

Өмнө нь Дэлхийн банк дэлхийн эдийн засгийг 4,1 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байсан бол дайны улмаас эдийн засаг 2022 онд ердөө 2,9 хувиар өснө гэж таамаглажээ. 


Дайны зэрэгцээ Хятад дахь ковидын хязгаарлалт, хөгжингүй орнуудад бодлогын хүүг өсгөж байгаа зэрэг нь эдийн засгийн өсөлтийг сааруулна гэж эдийн засагчид үзэж байгаа аж. 


Эдийн засагчдын онцолсноор, дэлхийн эдийн засаг өссөний дараа буурдаг, хямралын дараа ээлжит хямрал хүртэл өсдөг гэх мэтчлэн мөчлөгтэй байдаг аж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн эдийн засаг 2020 оны цар тахлын хямралыг оролцуулаад олон хямралыг даван гарчээ. 


Гэхдээ уналтын дараах сэргэлт өнөөгийнх шиг ийм богино хугацаатай байгаагүй гэнэ. Үүний гол шалтгаан нь Орос Украин руу халдсан явдал гэж эдийн засагчид онцолжээ. 


Орос, Украин болон эдгээр орны хөршүүд ихээхэн хохирно 

 

Европ болон Төв Ази 2022 оны эхээр цар тахлын өмнөх үеийн голдрилдоо орсон байжээ. Гэвч Орос улс Украинд дайн дэгдээснээр энэ хэмнэлийг нэг мөр алдагдуулсан байна. 


“Оросын түрэмгийлэл энэхүү эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг нэг мөр үгүй хийж, 2022 онд бүс нутгийн эдийн засаг гурван хувиар агшина” гэж Дэлхийн банк таамаглажээ. 


Гэхдээ хямрал бүх оронд биш харин Орос, Украин болон Беларусь, Кыргыз, Молдав, Тажик гэсэн хуучин Зөвлөлтийн дөрвөн оронд нөлөөлнө гэж Дэлхийн банк таамаглаж байгаа аж. Дэлхийн банкны таамагласнаар Украины ДНБ 2022 онд 45 хувиар буурах бөгөөд үүнийг сэргээхэд ихээхэн хугацаа шаардагдах гэнэ. 


Харин Оросын ДНБ есөн хувиар агшина, ирэх онд ч хэвийн үзүүлэлтдээ хүрэхгүй, газрын тосны хориг, орлого, хөрөнгө оруулалт буурснаар ирэх онд дахин хоёр хувиар буурна гэж эдийн засагчид таамагласан байна. 


Украины дүрвэгсэдийн улмаас  Европын зардал нэмэгдэнэ 

Дайн эхэлснээс хойш Украины оршин суугчид олноороо ЕХ руу дүрвэх болсон. Эдгээр дүрвэгчдэд зарцуулах зардал гагцхүү 2022 онд гэхэд л 26 тэрбум еврог давна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага тооцоолжээ. 


Энэ үнийн дүнгийн гуравны хоёр нь дүрвэгчдийг хүлээн авах, тэднийг байршуулахад зарцуулагдах шууд зардал аж. Харин есөн тэрбум еврог дүрвэгчдийн боловсрол, эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах юм байна. 


“Украин дахь дайны улмаас дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиогоогүй цагаачлалын их урсгал бий болсон. Сирид сөргөлдөөн эхэлснээс хойш хоёр жилийн дотор энэ улсаас дүрвэсэн хүний тоо гурван саяд хүрч байсан бол Украинд дайн эхэлснээс хойш эхний гурван долоо хоногийн хугацаанд л гурван сая хүн дүрвэсэн юм” хэмээн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайланд онцолжээ. 


Долларын ханш чангарч, буурай орнуудад эрсдэл учруулна 

Долларын ханш чангарсан нь АНУ бодлогын хүүгээ өсгөсөнтэй зарим талаараа холбоотой ч Оросын өдүүлсэн дайны улмаас еврогийн ханш суларсан нь ч долларын ханшинд нөлөөлсөн гэж эдийн засагчид үзэж байна. 


Валютаар авсан зээлийн хэмжээ нэмэгдэж, ингэснээр хөгжиж буй орнуудын санхүүгийн тогтвортой байдалд заналхийлнэ гэж шинжээчид анхааруулжээ. Учир нь доллараар авсан зээлийн хүү нэмэгдсэнээр улс орнууд гадаад өрөө дахин санхүүжүүлэхэд зарцуулах зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчид буурай орнуудад зээл өгөх нь багасна өгэж Дэлхийн банк онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путин ахын гавьяа
2022-06-13