Швед эмэгтэй 103 насандаа шүхрээр үсэрч, Гиннессийн номонд бичигджээ

Шведийн оршин суугч Рут Ларссон 103 насандаа шүхрээр үсэрч, Гиннесийн дээд амжилтын номонд бичигджээ. Тэрбээр зааварлагчийн хамт шүхрээр үсэрсэн гэж Daily mail сонин мэдээлсэн байна.
"Би ингэж үсрэх талаар хичнээн удаан бодсон талаар та нар төсөөлөх ч үгүй. Америкт, надаас 78 өдрөөр дүү эмэгтэй шүхрээр үсэрсэн гэдгийг олж мэдээд энэ дээд амжилтыг эвдэхээр шийдсэн юм" хэмээн Рут сэтгүүлчдэд ярьжээ.
Зуун насны босгыг хэдийнэ алхсан швед эмэгтэй спортоор хичээллэж, зугаалж, ном унших зэргээр амьдралын идэвхтэй хэв маягтай нэгэн гэнэ. Түүний ойр дотныхны ярьснаар Рут өвчин хэлдэггүй, олон жилийн туршид тусгай тэргэнцэртэй явж байгаа ч үргэлж цовоо сэргэлэн байдаг аж.
"Эмч, эм гэж ярихын оронд манай эмээ амьдралаас бүхнийг авах хүсэлтэйгээрээ хүмүүсийг бишрүүлдэг" хэмээн ач охин нь ярьжээ.
Өндөр настай шүхэрчин нисэж байгааг газарт Гиннесийн дээд амжилтын номын төлөөлөгчид бичиж авсан байна. Эмэгтэйг газардсаны дараа эмч нар эрүүл мэндийн үзлэг хийхэд бүх үзүүлэлт хэвийн байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ