Тайванийг чиглэсэн шинэ аюул буюу БНХАУ-ын цэргийн ажиллагааны тухай тушаал

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Ардын чөлөөлөх армийн дайны бус шинж чанартай үйл ажиллагааны тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ баримт бичиг нь дайн тулаантай холбоогүй ажиллагаанд БНХАУ-ын арми оролцох боломжийг бүрдүүлж байгаа аж. Тогтоол зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэж Синхуа агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ тогтоол нь "хүний амь нас, эд хөрөнгө, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, дэлхий дахины энх тайван болон бүс нутаг дахь тогтвортой байдлыг хамгаалахад" чиглэгдсэн гэнэ. Энэ тогтоол хүчин төгөлдөр болсноор цэргийнхэн байгалийн гамшиг, хүмүүнлэгийн болон энхийг сахиулах ажиллагааны үеэр тусламж үзүүлэх, "үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхоыг хамгаалахад" оролцох боломжтой болно гэж нэрээ нууцалсан цэргийн шинжээч Global Times сонинд ярьжээ.
Ши Жиньпин ийнхүү "дайны бус зорилгоор" зэвсэгт хүчнээ ашиглах зарлигт гарын үсэг зурсан нь Тайванийн хувьд аюул занал дагуулж буй хэрэг, Тайвань руу довтлохоор бэлдэж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна.
БНХАУ Тайванийг өөрийн улсын нэг хэсэг гэж үздэг бөгөөд тусгаар тогтнох үзлийг нь ихээхэн эсэргүүцэж, энэ аралтай Хятадаас ангид харилцаа тогтоосон орнуудад хатуу анхааруулга өгдөг. Мөн Тайванийг хүчээр нэгтгэх эрмэлзэлтэй байж болзошгүйг илтгэх мэдэгдлийг Хятадын өндөр албан тушаалтнууд удаа дараа хийж байлаа. Тухайлбал, Тайвань тусгаар тогтнолоо зарлавал Хятад дайн зарлана гэж мэдэгдэж байсан бол БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ "Тайвань Хятадад нэгдэх нь гарцаагүй" хэмээн мэдэгдэж байлаа.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон "Шангри-Лагийн яриа хэлэлцээ" аюулгүй байдлын форумын үеэр Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ мэдэгдэл хийхдээ Тайвань тусгаар тогтнолоо зарлахад саад болохын тулд Хятад "эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн" хэмээн онцолж байв. Тайванийг тусгаар тогтнолоо зарлахтай тэмцэхээс өөр арга Бээжинд байхгүй хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.
"Бид ямар ч үнээр хамаагүй, эцсээ хүртэл тэмцэнэ. <...> Хятадыг задлан бутаргах оролдлого хийж, Тайванийн тусгаар тогтнолыг зарлуулах гэсэн тал сайнаа үзэхгүй" хэмээн Вэй Фэнхэ мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-д хандан Тайванийг тусгаар улс гэж хандахаа зогсоохыг уриалж байв.
Энд дуулгахад, Хятадын дарга Ши Жиньпин 2019 оны нэгдүгээр сард мэдэгдэл хийхдээ "Тайванийг эх газарт нэгтгэх цаг нь ирсэн" хэмээн мэдэгдсэн нь дэлхий дахины анхаарлыг ихээр татаж байлаа. Улмаар өнгөрсөн жилээс эхлэн Хятад Тайвань руу цэргийн хүчээр довтолж болзошгүй гэх мэдээлэл гарах болсон юм.
Тухайн үед Хятадын цэргийн онгоцууд ойр ойрхон, Тайвань арал руу ойртож, зарим тохиолдолд Тайванийн агаарын хил рүү нэвтэрч, энэ арал дээгүүр нисэн өнгөрч, үүгээрээ нэг төрлийн анхааруулга өгч байлаа.
Тайванийн зүгээс ч Хятад улс арал руу довтлоход бэлдэж байгаа гэх мэдэгдэл хийж байсан бол БНХАУ-ыг Тайвань руу хүч хэрэглэн довтолвол цэргийн замаар хамгаалахад бэлэн гэж АНУ мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ