Дайны 112 дахь өдөр: ОХУ хуягт техникийнхээ 30 хувийг дайнд алджээ

Орос Украины эсрэг өдүүлсэн дайны 112 дахь өдөр Оросын цэргүүд хөрш орныхоо суурин газруудыг эзлэх оролдлогоо үргэлжлүүлсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.Дайн эхэлсэнээс хойш Украины 14 сая гаруй оршин суугч орон гэрээ орхин дүрвэсэн гэж НҮБ мэдээлжээ.
Оросын хохирол
Дайн эхэлснээс хойш Оросын арми хуягт техникийнхээ 20-30 хувийг алдсан гэнэ. Ийм мэдээллийг АНУ-ын Армийн штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли өгснийг ВВС агентлаг дамжуулжээ.
“Энэ бол асар их хохирол, асар их тоо” хэмээн Милли онцолсон байна. Оросууд украинчуудаас хүн хүч болон зэвсгээр илүүрхэж байгаа ч “дайнд хүн, зэвсгийн олноор биш зөв ашигласан тал нь л ялдаг” гэж Милли цохон тэмдэглэжээ.
Харин украинчууд “артиллерийг сайн ашиглаж байгаа”, “маневр сайн хийж, тулааныг үр дүнтэй явуулж байна” хэмээн Милли мэдэгдсэн байна.
Украинд үзүүлэх цэргийн тусламж
АНУ Украинд үзүүлэх ээлжит цэргийн тусламжаа ойрын үед илгээх бөгөөд энэ нь нэг тэрбум долларын өртөгтэй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.
Энэ тусламжийн хүрээнд артиллерийн болон эргийн хамгаалалтын хэрэгслүүд, шуурган галын тийрэлтэт системийн зэр зэвсгүүдийг олгох юм байна. Түүнчлэн цэргийн тусламжийн зэрэгцээ дайнаас хохирсон украинчуудад зориулан 225 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.
АНУ-аас гадна Герман улс Украинд дахин цэргийн тусламж үзүүлэхээр болсон байна. Тодруулбал, Украинд MARS II шуурган галын тийрэлтэт систем гурвыг өгөхөөр болжээ.
Оросын хөрөнгүүдийг царцаасан нь
ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсаар ирсэн. Энэ дайн эхэлснээс хойш Европын холбоо Оросын нийт 4,48 тэрбум еврогийн хөрөнгийг царцаасан байна. Оросын царцаасан хөрөнгөд ОХУ-ын Төв банкны хөрөнгө төдийгүй Оросын компаниудын хөрөнгө ч багтаж байгаа аж.
Хоёр америк Орост олзлогдсон байж болзошгүй
Украин руу байлдахаар явсан Америкийн хоёр иргэн ор сураггүй болсон бөгөөд Оросын талд олзлогдсон байж болзошгүй гэж тухайн иргэдийн төрөл төрөгсөд СNN агентлагт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Александр Друке, Энди Хьюинь гэх Америкийн иргэд АНУ-ын Зэвсэгт хүчний ахмад дайчид гэнэ. Тэд Украин руу сайн дураар явсан бөгөөд холбоо барилгүй удсан гэж ар гэрийнхэн нь өгүүлсэн байна.
Друкегийн ээж Америкийн конгрессийн гишүүнд хандан хүүгээсээ сураг ажиг сонсолгүй олон өдөр болсноо ярьсан гэнэ. Түүний өгүүлснээр хүү нь Украины цэргийн албан хаагчдад Америкийн зэвсэгтэй хэрхэн ажиллахыг зааж өгдөг байжээ.
Дээрх хоёр цэргийн ар гэрийнхэн хамгийн сүүлд тэдэнтэй зургадугаар сарын наймны өдөр ярьсан, тухайн үед тэд даалгавраа гүйцэтгээд явж байгаа, хэсэг хугацаанд холбоогүй байж магадгүй хэмээн хэлсэн гэнэ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, АНУ-ын хоёр иргэн Украинд олзлогдсон гэх мэдээлэл авсан, гэхэдэ энэ нь батлагдаагүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ