Флоридагийн оршин суугчдыг шөнийн цагаар гэрэл асаахыг хоригложээ
2022-06-16

АНУ-ын Флорида мужид гэр нь наран шарлагын газартай ойр байдаг оршин суугчдыг үдэш болоход гэрлээ унтраахыг зөвлөсөн байна. Энэ нь эрчим хүчний хэрэглээтэй холбоогүй, амьтан аврах зорилготой гэж NBC мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоо орон нутгийн наран шарлагын газруудад өндгөө шахаж байгаа яст мэлхийнүүд хиймэл гэрлээс үргэдэг аж. Мөн байгалийн бус гэрэл шинээр мэндэлсэн яст мэлхийнүүд амиа алдах шалтгаан болж болзошгүй гэсэн судалгаа гарчээ.

 

Учир нь яст мэлхий одны гэрлээр баримжаалдаг амьтан бөгөөд харин эрэг орчимд өндөгнөөсөө дөнгөж гарсан яст мэлхийнүүд тэнгис рүү биш байшингийн гэрэл рүү тэмүүлж, замдаа араатан амьтны хоол болж болзошгүй гэж амьтан хамгаалагчид анхааруулсан байна. 

 

Флоридагийн наран шарлагын газруудад зун бүр таван төрлийн олон мянган яст мэлхий өндгөө гаргадаг бөгөөд энэ яст мэлхийнүүд бүгд устаж үгүй болж буй төрөлд хамаардаг тул улсын хамгаалалтад байдаг аж. Тиймээс яст мэлхий өндөглөх үеэр эрэг орчмын оршин суугчдыг үдэш болохоор гэрлээ унтраах, эсвэл гэрэл нэвтрүүлдэггүй хөшгөөр цонхоо хаахыг Онгон байгаль хамгаалах комисс анхааруулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин