Гаагийн шүүхэд шургалахыг завдсан Оросын тагнуулч баривчлагджээ
2022-06-17 11:59

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд ажиллаж эхлэхээр зэхэж байсан, Оросын тагнуулчийг илрүүлсэн талаар Нидерландын Ерөнхий тагнуул, аюулгүй байдлын алба мэдээлжээ. 

 

Тагнуулын газрын мэдээлснээр, Оросын тагнуулчийг Сергей Владимирович Черкасов гэх бөгөөд тэрбээр Виктор Мюллер Феррейр гэсэн нэрээр Бразилийн баримт бичиг ашигладаг байсан гэнэ. Энэ тагнуулч "хууль бус тагнуулч" байсан, ийм төлөөлөгчдийг олон жилийн туршид бэлтгэдэг, тэднийг илрүүлэхэд тун хүнд байдаг гэж тагнуулын газрын мэдээлэлд онцолжээ.

 

Оросын "хууль бус тагнуулууд" бусад улс орны иргэн гэж өөрийгөө танилцуулдаг хэмээн Нидерландын тагнуулын газар мэдээлсэн байна. Харин энэ тагнуулчийг хэрхэн илрүүлсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Мөн Оросын албаныхан энэ мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэг тайлбар хийгээгүй байна. 

 

Оросын энэ тагнуулчтай холбоотойгоор Бразилийн Холбооны цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Оросын иргэн 2010 онд Рио-де-Жанейрод ирсэн, хуурамч баримт бичиг ашиглан өөрийгөө бразиль хүн гэж танилцуулах болсон байна. Тэрбээр шинэ нэртэй болж Ирланд, АНУ-д хэдэн жил амьдарч байгаад Бразильд буцаж иржээ.

 

Улмаар Олон улсын эрүүгийн шүүхийн урьдчилсан мөрдөн шалгалтын хэлтэст шинжээчийн албан тушаалд дадлагажигчаар ажиллахаар болсон тул Нидерланд руу явахаар зэхэж байсан гэнэ. Гэвч түүнийг илрүүлэн, Бразиль руу буцаасан аж. 

 

Черкасов илчлэгдээгүй байсан бол Оросын цэргүүд сэжиглэгдэж буй Украин болон Гүрж дэх цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгаж буй Олон улсын эрүүгийн шүүхийн системд нэвтрэх эрсдэлтэй байсан гэж Нидерландын тагнуулын газар мэдэгджээ. 

 

Bellingcat цахим хуудсын мэдээлснээр, Сергей Черкасов нь Калининградын уугуул гэнэ. Тэрбээр Балтийн загас агнуурын флотын академид суралцаж байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хууль ёсны тагнуул гэж бас байна?
2022-06-17