Арахамия: Украин наймдугаар сараас нааш Оростой хэлэлцэхгүй
2022-06-20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаар өнөөгийн дайн эхэлж, улмаар сөргөлдөөн эхэлснээс дөрөв дэх хоногт буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талууд анхны хэлэлцээгээ хийж байлаа. Тэр үеэс хойш удаа дараа цахимаар болон биечлэн уулзсан ч гуравдугаар сарын сүүлээс хойш хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Хэлэлцээ гацахад талууд нэг нэгнээ буруутгаж байсан. Энхийн хэлэлцээний сураг ажиг тасраад  байсан энэ үед Украин хэлэлцээг хэзээ сэргээх талаар ам нээжээ. 

 

Тодруулбал, Украин Оростой хийх хэлэлцээг наймдугаар сарын сүүлээр сэргээхээр төлөвлөж байгаа, үүнээс наана хэлэлцэхгүй гэнэ. Ийм мэдэгдлийг Украины талын хэлэлцэгчдийн бүлгийн оролцогч Давид Арахамия "Америкийн дуу хоолой" станцад өгсөн ярилцлагынхаа үеэр хийжээ. Түүний өгүүлснээр, Украин хүчээ зузаатгаж, сөрөг довтолгоог амжилттай хийсэн тэр үед л хоёр талын хэлэлцээг сэргээх гэнэ. 

 

"Оросуудтай хэрхэн харилцах тал дээрх төлөвлөгөөгөө бид хуваалцмааргүй байна. Учир нь нээлттэй эх сурвалжуудаас оросууд олоод мэдчихнэ. Гэхдээ зарим газарт бид сөрөг довтолгоо хийх ажиллагаа явуулна" хэмээн Арахамия мэдэгджээ. 

 

Үүний зэрэгцээ, Оросын цэргүүд өөрсдөө байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө байсан байршилдаа очих эсвэл Украины арми тэднийг шахсан нөхцөлд Орос, Украин хэлэлцэнэ гэж Арахамия онцолсон байна. Үүний дараа Украин алдсан нутаг дэвсгэр тэр дундаа Крымийг эргүүлэн авах талаар Оростой хэлэлцэж эхлэх аж. Түүнчлэн Крымийн хойгийн цаашдын статусыг хэлэлцэхийг Киев зөвшөөрч байгаа гэж Арахамия мэдэгджээ. 


“Бид Стамбулд санал болгож байсан шиг улс төрийн зөвшилцлийг авч үзэж болох юм. Тухайлбал, хэдэн жилийн хугацаанд Крымийн асуудлыг сөхөхгүй байж чадна. Бид үүнийг цэргийн замаар шийдэхгүй, харин дипломат болон улс төрийн замаар шийднэ” хэмээн Арахамия цохон тэмдэглэжээ. 


Орос, Герман хоёр Украины асуудлаар нууц хэлэлцээ явуулж байна 


Ийнхүү хэлэлцээ намжмал байдалд орж, Украины тал яриа хэлэлцээг мөд сэргээхгүй гэсэн байр суурьтай байгаа бол өнөөгийн дайны асуудлаар Орос, Герман нууц хэлэлцээ хийж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэллээ. 


Тухайлбал, Foreign Policy сэтгүүлд Вашингтоны Хадсоны хүрээлэнгийн шинжээч Питер Рафын хэвлүүлсэн нийтлэлд “Герман улс Оросыг “гутаан доромжлох”-ын эсрэг байгаа бөгөөд үүний тулд Украинд үзүүлэх тусламжийг ч хэрэгсэхгүй болгож магадгүй” хэмээн бичжээ. Нийтлэлчийн үзэж байгаагаар, Герман улс Украины асуудлаар Оростой “нууц хэлэлцээ” хийж байгаа гэнэ. 


Түүнчлэн Германы канцлер Олаф Шольц өнөөгийн сөргөлдөөнийг дипломат замаар шийдвэрлэх гэсэн Эммануэль Макронтай ижил байр суурьтай байгаа гэнэ. 


Орос, Украины хэлэлцээрийн явц 


Орос, Украины хэлэлцээрийн эхний шат дайн эхэлсний дараахан болж байлаа. Харин гуравдугаар сарын сүүлээр Туркийн Стамбул хотод болсон хоёр талын уулзалтын үеэр зарим талаар ахиц гарч байсан юм. 


Тухайн үед, яриа хэлэлцээрийн дүнгээр Оросын тал Киев болон Черниговчиглэл дэх байлдааны ажиллагааны идэвхжлээ бууруулж, харин Украин Крымийг цэргийн замаар эргүүлэн авахгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өгч байв. Түүнчлэн Киев аливаа эвсэлд орохгүй байхыг зөвшөөрсний дээр гадаадын цэргүүд, үй олноор хөнөөх зэвсгийг нутаг дэвсгэр дээрээ байршуулахаас татгалзахад бэлэн байгаагаа мэдэгдэж байлаа. 


Үүний дараа Оросын тал Донбасс дахь байлдааны ажиллагаанд илүүтэй төвлөрч, Украины зархим хэсгийг эзлэн авснаар талуудын хоорондын хэлэлцээ зогссон юм. ОХУ Украины дорнод хэсэгт хяналтаа тогтоохоор төлөвлөж байгаа тул хоёр талын хэлэлцээ зогссон гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк зургадугаар сарын дөрөвний өдөр мэдэгдэж байв. Үүнээс нэг хоногийн дараа Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийхдээ, Барууныхан Украинд зэвсэг өгч, ингэснээрээ сөргөлдөөнийг сунжруулах хүсэлтэй байгаа нь хоёр талын хэлэлцээрт саад болж байна хэмээн онцолж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Америк л хэлэлцэхгүй бол Украйнтай юу гэж ч тохироод хүчингүй
2022-06-23
Оросууд ялагдаад бууж өгөөд хэлэлцээ хийх үү.хүмүүс яаж ч мөрөөдөж болно л доо.би харин орос бууж өгөх.хэлэлцээ хийе гэж гуйна гэж хэзээ ч байхгүй гэж бодож байна шүү
2022-06-22
зөв. украйнчууд давшиж хил дээрээ тулсан хойноо хэлэлцээр хийх ёстой. оросуудын аманд орж болохгүй
2022-06-20
Зөв хө:
Фронтын шугамд өөрчлөлт оруулж байж хэлэцээ хийхгүй бол Путлер Донбассыг авна гээд зүтгэчихнэ.
2022-06-20