Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа

Сансрын үйл ажиллагаа эрхлэх " Роскосмос " Оросын төрийн корпораци Монголын эмэгтэй сансрын нисгэгчийг дэлхийн тойрог зам руу илгээх боломжийн талаар Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хэлэлцэж байгаа аж. Энэ талаар Роскосмос мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна.
"Монголын талын санаачилгаар "Роскосмос" төрийн корпораци, Монголын Цахим хөгжил, харилцаа холбооны яам сансрын салбарт Орос, Монголын хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэр дундаа Монголын эмэгтэй сансрын нисгэгч бэлдэх асуудлыг хэлэлцсэн" гэж Роскосмос корпорациас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
Роскосмосын онцолсноор, талууд энхийн зорилгоор сансрын орон зайг судлах, ашиглах салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар бэлдэж байгаа гэнэ. Санамж бичгийн төслийг дипломат сувгаар Монголын талд илгээсэн гэж Роскосмос мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ