Херсон мужийг ОХУ-д нэгтгэх санал хураалт намар болно

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдаж, улмаар дайн дэгдээх хугацаандаа Украины Херсон, Запорож мужуудад хяналтаа тогтоож, Оросын талыг баримтлагч захиргаа байгуулсан юм. Цаашлаад эдгээр мужуудыг Орост нэгтгэхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл удаа дараа гарч байв.
ОХУ-д нэгтгэх ийм санал хураалтыг 2022 оны намар явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Ийм мэдэгдлийг Херсон мужийн Цэрэг-иргэний захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов хийснийг РИА Новости дамжуулжээ.
"Бид санал хураалтад бэлдэж байна. Одоо зохион байгуулалтын асуудлуудыг шийдэж байгаа. Олон нийтийн санал хураалтын дараа бид Оросын бүрэн эрхэт субъект болно" хэмээн Кирилл Стремоусов РИА Новостид ярьжээ.
Түүний өгүүлснээр, одоо Херсон мужийн нутаг дэвсгэр дээр нийгэм эдийн засгийн ажиллагааг нөхөн сэргээх ажил хийгдэж байгаа бөгөөд тэтгэвэр тэтгэмжийг олгож эхэлсэн, рубль гүйлгээнд нэвтэрсний дээр Оросын иргэншил авах өргөдлийг хүлээн аваад эхэлсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ