Монголын балетчид "бүжгийн олимп"-д амжилттай оролцлоо
2022-06-22

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг, бүжгийн олимп хэмээн нэрлэгддэг Сонгодог бүжгийн жүжигчдийн Москвагийн Олон улсын XIV тэмцээнд амжилттай оролцсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид, багш нарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, баяр хүргэв.

 

 

Олон улсын XIV тэмцээний төгсгөлийн шалгаруулалтад 33 орны 343 бүжигчдээс Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 8 бүжигчин шалгарч, Монголын сонгодог бүжгийн чансааны өндөр түвшнийг Москвагийн Их театрын тайзнаа баталгаажууллаа.

 

Сонгодог бүжгийн жүжигчдийн Москвагийн Олон улсын тэмцээн 1969 оноос зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай бүжигчдээс 1981 онд Ардын жүжигчин Ю.Оюун хүрэл медаль, бүжигчин У.Бат-Эрдэнэ 1993 онд мөнгөн медаль хүртэж байжээ. Сонгодог бүжгийн жүжигчдийн Москвагийн Олон улсын XIV тэмцээн 2022 оны 6 дугаар сарын 3-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд гурван үе шаттайгаар болсон төгсгөлийн шалгаруулалтад 21 орны 112 бүжигчин, манай улсаас гавьяат жүжигчин О.Анужин, гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, эрэгтэй балетчидаас Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга, Д.Нацагдорж нар оролцсон байна.

Shuud.mn
Сонин хачин