Хонконгийн алдарт хөвдөг зоогийн газар живжээ
2022-06-23

Хонконгийн бэлгэдлүүдийн нэг болсон, Jumbo нэртэй аварга том хөвөгч зоогийн газар зургадугаар сарын 21-ний өдөр живсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Энэ зоогийн газар 50 жилийн туршид үйл ажиллагаа явуулсан бөгөөд Том Круз, Queen хамтлаг зэрэг алдартнууд гээд гурван сая гаруй хүн үйлчлүүлжээ. Түүнчлэн Jumbo зоогийн газарт алдартай кинонуудын зургийг авч байсан юм. Харин 2020 оны гуравдугаар сард цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байна. 

 

Хэдэн өдрийн өмнө энэ зоогийн газрыг өөр газар шилжүүлэн байрлуулах шийд гаргажээ. Гэтэл Өмнөд Хятадын тэнгист чирүүлж явж байхдаа живсэн байна. Энэ ослын үеэр хүн гэмтэж бэртээгүй гэж зоогийн газрыг эзэмшигч Aberdeen Restaurant Enterprises  компани мэдэгджээ.

 

Компанийн мэдэгдсэнээр, зоогийн газрыг чирэхээс өмнө мэргэжилтнүүд үзлэг хийж, далайд гарах бүх зөвшөөрлийг өгсөн гэнэ. Зоогийн газрыг өөр газарт шилжүүлэн байршуулж, шинэ эзэнд хүлээлгэн өгөх байсан ч Хонконгоос өмнөд хэсэгт 600 км зайд явах үедээ зоогийн газар шуурганд өртжээ. Онгоц живсэн хэсэгт далайн гүн нэг километрээс дээш тул зоогийн газрыг ёроолоос татан гаргах ажил нэн хүндрэлтэй гэж компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Jumbo зоогийн газар цар тахлын улмаас ихээхэн хохирол амссан хэдий ч үүнээс ч өмнө санхүүгийн хүндрэлтэй тулгарч байжээ. Компанийн удирдлага өнгөрсөн сард мэдэгдэл хийхдээ алдартай зоогийн газар 2013 оноос эхлээд л ашигтай ажиллахаа больсон, алдагдал их хүлээж байгаа тул өөр тийш шилжүүлж, зарахаар шийдсэн хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин