Олон улсын аюулгүй байдлыг Улаанбаатарт хэлэлцэж байна
2022-06-23

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал өнөөдөр эхэллээ.

 

 

Бага хурлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улс 1980-аад оноос Зүүн Хойд Ази, бүс нутгийнхаа аюулгүй байдалд анхаарах санаачилгыг судалж ирсэн. Энэ санаачилга 2013 онд биеллээ олж, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэдэг олон улсын аюулгүй байдлын талаарх бага хурал зохион байгуулагдаж эхэлсэн. Өнөөдөр долоо дахь хурлыг биечилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.

 

Жил ирэх тутам олон улсын оролцоо нэмэгдэж байгаа. Бид бүс нутгийнхаа аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцээг олон оронтой ярилцаж, олон салбар хуралдаан хийж байгаа нь зорилгоо биелүүлж буй хэрэг. Зөвхөн Зүүн хойд Азийн улс орнууд биш Хойд Америк, Ази-Номхон далайн бүсийн орнууд, Европыг орнууд энэ бага хуралд оролцдог болсон нь маш чухал” гэсэн мэдээллийг өглөө.

 

Энэ удаагийн бага хурлын хүрээнд

 

1.“Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”

2. “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”

3. “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”

4. “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”

5“ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн үндсэн таван салбар хуралдаан болно.

 

 

Зүүн хойд Азийн улс орнуудаас гадна Австрали, Канад, Итали, Франц, Их Британи, Турк, Словени, Литва зэрэг улс, НҮБ, олон улсын байгууллагуудын нийт 150 орчим төлөөлөгч уг арга хэмжээнд оролцож байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин