БНСУ-д бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчинд Монгол бэлэн үү
2022-06-23


Коронавирусийн цар тахлаас бүрэн ангижирч чадаагүй байгаа дэлхий нийт өөр нэг өвчний дэгдэлттэй нүүр тулав. Тавдугаар сард эхэлсэн сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг одоогоор тогтоон барьж чадаагүй байна. Африкт л голчлон бүртгэгдэж байсан энэ өвчин өдгөө дэлхийн 42 оронд, 2000 гаруй тохиолдол бүртгэгджээ. 


Энэ өвчин гагцхүү сармагчин, мэрэгч гэсэн амьтдаас хүнд халдварладаг гэж үзэж байсан бол сүүлийн үед, вирус хүнээс хүнд халддаг гэдэг нь тодорхой болсон юм. Хэдийгээр хэт хурдтай тархахгүй байгаа ч ДЭМБ энэ өвчний тархалтад санаа зовниж байгаагаа илэрхийлж байв. Мөн энэ халдвараас сэргийлэх арга хэмжээний талаар авч хэлэлцэхээр зургадугаар сарын 23-ны өдөр  ДЭМБ-ын шуурхай хороо хуралдахаар болжээ. 


Одоогоор эмч нар вирусийн тархалтыг хязгаарлахтай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээнд гол анхаарлаа хандуулж байгаа юм. Тодруулбал, халдвар авсан өвчтөнийг тусгаарлах, амны хаалт, бээлий хэрэглэж урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 


Гэхдээ өвчний тохиолдол ихээр бүртгэгдсэн улс орнууд гагцхүү ариун цэврийн дэглэм сахиад өнгөрөх биш харин урьдчилан сэргийлэх тарилга хийлгүүлэхийг иргэддээ уриалж байгаа аж.

 

Тухайлбал Германд 18-аас дээш насныхныг салхин цэцэг өвчний вакцинд хамрагдахыг зөвлөжээ. Харин Британи улс сармагчны цэцэг өвчин хурдацтай дэгдсэн тохиолдолд бэлэн байх үүднээс хоёр сая тун вакцин бэлдэхээр болсон байна. 


Сармагчны цэцэг өвчин алс холын орнуудад гарч байгаа мэт харагдавч хил нээгдэж, хүмүүс амралт зугаалгын байдалд шилжиж буй энэ үед хаанаас ч хэзээ ч энэ өвчин Монголд орж ирж болзошгүй байдал үүсжээ. 


Тэр дундаа, монголчуудын хамгийн ихээр зорчдог Өмнөд Солонгост энэ өвчний тохиолдлууд хэдийнэ бүртгэгдсэн байна. Түүнчлэн, хөрш ОХУ-д ч сармагчны цэцэг өвчин дэгдэх эрсдэл өндөр байгаа бөгөөд учир нь Оростой хил залгаа Гүржид хэдийнэ халдварын тохиолдлууд илэрчээ. Тиймээс ОХУ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд нисэх буудлууд дээр нь ковидын үеийнх шиг халуун хэмжигч суурилуулжээ. 


Түүнчлэн “Вектор” хүрээлэн сармагчны цэцэг өвчнийг оношлох тест бүтээж, үйлдвэрлэж эхэлсэн байна. Европтой холбогдох шууд нислэг багассан тул одоогоор Орост сармагчны цэцэг өвчин дэгдэх эрсдэл бага гэж үзэж байгаа ч гэнэтийн байдалд бэлэн байхын тулд ОХУ эмнэлгийн байгууллагууд, ажилтнууддаа сургалт явуулж, өвчний вирусийг хоёр цагийн дотор илрүүлэх тестийг эмнэлгүүд рүүгээ хүргүүлжээ. 


Аяллын улирал эхэлсэнтэй холбоотойгоор манай улсад энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгаа юм. Албаныхны мэдээлснээр, “манай улс эрсдэлийн үнэлгээ хийсэн, урьдчилан сэргийлж, төлөвлөгөө гарган ажиллаж, хил дээрх хяналтын байгууллагууд хяналт тавьж ажиллаж байгаа” аж. Харин одоогоор энэ өвчнөөс сэргийлж салхин цэцэг өвчний вакцин тариулах зөвлөмж, уриалга, иргэдэд чиглэсэн анхааруулга гаргаагүй л байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
халдварын зам нь тодорхойгүй гээд байгаа. бас корона шиг бүх замаар халддаг байх. заваан өвчин яр туураад
2022-06-27
dsn:
belen ! udahgui importoor avch ireh gej bn, olon hun yvah tudam huvaagaad avna shuudee ,uuniig anhaar!
2022-06-24